Ерөнхий сайд Улаанбаатар-Налайхын замыг өнөөдөр нээхийг хориглов

2019 оны 10 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойр чиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгөв. 

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлд хийгдэж байгаа зам барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, үргэлжилж байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд зогссон. Үндсэн хийц нь хийгдсэн замын хэсгүүдэд нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлууд үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байв.

Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг өнөөдөр /2019.10.29/ нээхийг хориглож, ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов. 

Халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстойг ажлын хэсгийн гишүүдэд дахин анхааруулав. 

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. 

Уг төслийн хүрээнд одоогоор 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт,  20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм. Ажлын хэсгийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 04-ний өдөр хөдөлгөөнийг нээхээр тогтов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.161) 2019 оны 10 сарын 29

Амжилт

0  |  0
Иргэн(202.126.88.208) 2019 оны 10 сарын 29

Угаасаа дуусаагүй нээхэд бэлэн биш байна лэ. Нээе ч гэсэн болохгүй.

0  |  0
Top