Такаясү дуучин бүсгүйтэй сүй тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Озэки Такаясү дуучин Мори Кономитой хуримын сүй тавьснаа зарлалаа. Хосууд энэ сарын 31-нд Фүкүокад хэвлэлийн бага хурал хийх гэнэ.

Мори Кономи бол энка буюу Японы зохиолын дуу дуулдаг, 30 настай дуучин бүсгүй. Хоккайдо мужийн Саппоро хотын уугуул. Дөрвөн настайгаасаа дуулж, зургаан настайдаа Японы хүүхдийн наадмын хамгийн залуу аваргаар шалгарч байв.

Хосууд 2016 оны хоёрдугаар сард NHK телевизийн нэрэмжит барилдаан дээр танилцаж, 2017 оны тавдугаар сард Тагоноүра дэвжээний хүлээн авалт дээр дахин уулзсанаар үерхэл нөхөрлөл нь эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сард Такаясү Хоккайдод очиж, Моригийн эцэг эхтэй уулзан, бэр гуйснаар хуримын бэлтгэлдээ ороод байна.

Гэхдээ Тагоноүра дэвжээ, ивээн тэтгэгч, дэмжигчдийн нийгэмлэгээс “Такаясүг башёд түрүүлсэн тохиолдолд л хуримын ёслол хийнэ” гэж нэг ёсны “хориг” тавиад байгаа гэнэ. Хэрэв Кюүшюүд түрүүлбэл хуримын ёслол ирэх жилийн нэгдүгээр сард болох магадлалтай ч юуны өмнө түрүүлэх хэрэгтэй байгаа Такаясү энэ башёг кадобан угтаж байгаа билээ.

Сүмо бөхтэй гэрлэсэн дуучин, жүжигчин бүсгүйчүүд ажлаа орхиж, нэг ёсны “зодог тайлдаг” бол Мори Кономи NHK телевизийн Шинэ жилийн хамгийн том шоунд оролцтолоо дуулсаар байх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top