-АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 21:00-06:00 ЦАГИЙН ХООРОНД ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ-
Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар өнөөдөр /2019.10.30/ мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг. 2017 онд зургаан тэрбум, 2018 онд есөн тэрбум, энэ онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоо гарсан. Энэ нь Улсын төсвөөс гарч буй хөрөнгө. Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ улам өсөж байна. Өнгөрсөн жилээс 80 орчим мВт-аар нэмэгдсэн байна. Цахилгааны төлбөр 16 хувиар өссөн. Үнэ өссөн ч гэсэн хөнгөлөлт үйлчилж байгаа. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арван нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлнө. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Нэгт шөнийн тарифын хөнгөлөлт. Хоёрт нийт хэрэглэгчдэд буюу орон сууц, гэр хорооллын бүх 650 мянган айл өрх цахилгаан хөнгөлөлт эдэлж байгаа. Монголын нэг өрх сардаа 220 кВт цахилгаан хэрэглэдэг. Нэг өрх жилдээ 111 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа” гэлээ.
Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.
Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заажээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
2021 ОНД ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ҮЙЛЧЛЭХ ҮГҮЙ НЬ
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭС ХАМААРНА
Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуусан дараах асуултад албаны хүмүүс хариулт өглөө.
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд бүсчлэл зааж байгаа юу?
-Эхний жилд бүсээр ангилдаг байсан. Харин одоо бол гал түлдэг бүх өрх хөнгөлөлтөд хамрагдана. Ингэснээр улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдахаар болсон.
-Үргэлж алдагдалтай ажилладаг энэ салбар шөнийн тариф хөнгөлснөөр алдагдал улам ихсэх биш үү?
-Эрчим хүчний үнэ 16 хувиар өссөн. Хэдийгээр үнэ өссөн ч тарифын хөнгөлсөөр байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэгдүгээрт, шөнийн тарифын хөнгөлөлт бол хоёрдугаарт, орон сууцны өрхүүд ч хөнгөлөлт эдэлж байна. Салбар алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Өнгөрсөн жил 29 тэрбумын алдагдалтай гарсан. Энэ жил ч тодорхой хэмжээний алдагдал гарна. Гэхдээ тарифын өөрчлөлтөөр аль болох алдагдал багатай байлгахаар ажиллаж байна. Хамгийн чухал нь бид хэмнэлтийг бий болгож байна. Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдийн төлсөн төлбөрөөс биш Улсын төсвөөс гаргадаг тул иргэдийн нуруунд ачаа болохгүй.
-Шөнийн тарифанд өнгөрсөн жилийнхээс өөрчлөлт орсон зүйл байгаа юу? Гэр хорооллын хэрэглэгч тоолуураа өөрчлөх шаардлагатай юу?
-Хөнгөлөлт авахын тулд хэрэглэгчид маань заавал хоёр тарифтай тоолуур авах ёстой. Өдөр шөнө, цагаараа ялгавартай учраас. Орой 21:00 цагаас өглөөний 06:00 цагт авсан цахилгааныг нь ялгадаг тоолуур тавиулж байж хөнгөлөлт эдэлнэ.
-Төлбөрийн үлдэгдэлтэй өрхөд хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн яриа байдаг?
-Хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөх нь иргэний үүрэг. Гэлээ ч төлбөрөө төлсөнгүй гээд хөнгөлөлт өгөхгүй, халаагуур ажиллуулах боломж өгөхгүй гэсэн үг биш.
-Иргэд 2020 онд 28 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо гарсан. Цаашдаа энэ арга хэмжээ үргэлжлэх үү?
-Цахилгааны хөнгөлөлт 2016 онд шинээр бий болсон Засгийн газраас үеэс хэрэгжүүлсэн зүйл. Энэ дөрвөн жилдээ хэрэгжинэ. Цаашдаа яах нь сонгуулийн дараа ямар Засаг төр гарах уу? Хэн гарах уу гэдгээс шийдэгдэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Medeelel abae