Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Измир хотноо болж байна. Тус тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний охидын 11-13 насны ангилалд ДДХМ Энхболдын ХҮСЛЭН 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргаллаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас зуун буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин боллоо. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.
17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар мөнгөн медалийн болзол хангалаа. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов Суринамын Bhagwandas, Arwien-ыг хожиж, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртсэн байна. М.Шийравжамц 2016 онд мөн Измирт болсон ДАШТ-ий 14-16 насны ангилалд түрүүлж, дэлхийн аварга болж байсан билээ.
ОУИМ Б.Мишээл залуучуудын буюу 17-19 насанд ангилалд хүрэл медалийн эзэн боллоо.
11-13 насны ангилалд С.Болор арван оноо авч, наймдугаар байр эзэллээ. С.Болор сүүлийн тойрогт ОХУ-ын дэлхийн аварга Д.Говоровтой тоглож тэнцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )