Ковачийн оронд “Онцгой нэгэн” ирэх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Германы “Бавари” багаас дасгалжуулагч Нико Ковачийн гэрээг цуцалснаа албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн Бямба гарагт Бундеслигийн 10-р тойргийн тоглолтод “Бавари” баг “Айнтрахт”-д 1:5 харьцаатай ялагдсанаар Никогийн хувь заяа тодорхой болсон юм. “Бавари” 10 тоглолтын дараа 18 оноотой дөрөвдүгээр байрт явж байна.
 


Ковач Мюнхен хотын багт 2018 онд ирж, Бендеслигт түрүүлэн, Германы Цом, Супер цомын тэмцээнд аварга болсон.

Нико Ковач ажлаасаа халагдсан талаараа “Багийн хувьд зөв шийдвэр гаргалаа гэж бодож байна. Сүүлийн үед хангалтгүй тоглож байгаа минь намайг багаа орхиход хүргэлээ. Энэ багт сайхан байсан. “Бавари” багт баярласнаа илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

“БАВАРИ” БАГИЙН ДАРААГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭН БЭ?
 


1. Бооцооны компаниудын судалгаагаар хамгийн магадлал өндөр мэргэжилтэн бол “Лайпциг” багийн дасгалжуулагч асан Ральф Рангник гэнэ. Түүний томилогдох магадлалыг бооцоо тавигчид 2.71 гэж үзэж байна.
 


2. Хоёрдугаар байрт Жозе Моуриньо, хувь нь – 3.74. Онцгой нэгний хувьд өнгөрсөн улирлын дундуур МЮ-гаас халагдсанаасаа хойш “Реал”, ПСЖ, “Арсенал” багуудтай нэр холбогдож байсан билээ. “Gazzetta dello Sport”-д ярилцлага өгөхдөө тэрбээр “Би одоо герман хэл үзэж байгаа. Гэхдээ Бундеслигт очих гэж байгаа болохоор биш, хэл сурах дуртай болохоор тэр. Би  англи, испани, португал, франц, итали хэлээр ярьж чадна” гэж хэлсний дараа түүнд бооцоо тавигчдын тоо эрс нэмэгдсэн байна.
 


3. “Бавари” багийн хагас хамгаалагч асан, Германы шигшээ багийн дасгалжуулагчийн туслагч байсан Ханс Флик – хувь нь 4.32.
 


4. Дараа нь өнгөрсөн улиралд “Аякс” багтай Аваргуудын лигт гайхамшгийг бүтээсэн голланд мэргэжилтэн Эрик Тен Хаг - хувь нь 6.50.
 


5. Италийн Массимилиано Аллегригийн нэр мөн жагсаалтад багтсан. Гэхдээ хувь нь тун бага буюу  – 6.90.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top