Даамчид ДАШТ-ээс 5 медальтай ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Измир хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай 22 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн билээ.

Монголын баг тамирчид Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарлаа.

ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор охидын 11-13 насны ангилалд түрүүллээ.

Залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ М.Шийравжамц 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар мөнгөн медаль зүүсэн.

Ази тивийн насанд хүрэгчдийн аварга ОУИМ Б.Мишээл бэлтгэл сайтай байгаагаа харуулж, нас өгсөн тоглосон хэдий ч залуучуудын ангилалд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр тэмцээний тавдугаар тойрогт энэ жилийн Европын залуучуудын аварга, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубовичийг хожсон нь олны анхаарлыг татлаа. Мөн С.Мөнх-Оргил, Б.Анужин, Б.Мөнхжин, Б.Сүхбат, С.Болор, Н.Лхагвадолгор, М.Нарантуяа, Б.Лхагватогтох, Э.Даариймаа нар насны ангилалдаа эхний 10 байрт шалгарлаа гэж Монголын даамын холбооноос мэдээллээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр түргэн тоглолт буюу блиц төрлийн медальтнууд тодорлоо. Энэ удаа манай тамирчдаас U-17 насанд спортын мастер Б.Анужин мөнгө, U-11 насанд дэд мастер Э.Даариймаа хүрэл медаль хүртжээ.

Манай баг тамирчид Истанбул-Улаанбаатар нислэгээр маргааш өглөө 6.00 цагт эх орондоо ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top