Төрийн таван байгууллагын цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа

2019 оны 11 сарын 04

Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа.

www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм. Энэхүү хайлтын системд хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг багтаажээ.

“Нээлттэй өгөгдөл: Хайлтын системийг ашиглах нь” сургалтыг Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум хамтран 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд хуульч, сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч, оюутан залууст зориулан зохион байгуулж байна. Түүнчлэн нээлттэй өгөгдлийг танилцуулах “Хоёр хотын цадиг” үзэсгэлэнг Уран зургийн галларейд 5 өдрийн турш зохион байгуулах юм байна.

Үзэсгэлэн, сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэхдээ “Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хариуцлагыг шаардаж, эрхээ эдлэх чадвартай байдаг. Хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэхэд үнэн, бодит мэдээллийн сурвалж шаардлагатай байна. Энэхүү нээлттэй өгөгдлийн сан иргэд, залуусын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно” гэж онцлон тэмдэглэв.

Хайлтын системийг ашиглаж, эх сурвалжаар дурдахдаа төрийн байгууллагын анхдагч эх сурвалжтай тулгаж, нягтлах нь зүйтэй. Учир нь хайлтын системд мэдээллийг оруулах нь цаг хугацааны хязгаарлалттай тул мэдээллийн өөрчлөлт нь системд ороогүй байх, овог нэрийн давхцал гарах магадлалтай. Тиймээс Авлигатай тэмцэх газар, Худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмалын газар, Улсын бүртгэлийн газар, Сонгуулийн ерөнхий хороо гэсэн таван төрийн байгууллагын анхдагч эх  сурвалжуудаар заавал зочлохыг санаачлагчид зөвлөлөө.

Хамгийн сүүлийн үеийн, өргөн мэдээлэл агуулсан нээлттэй өгөгдлийг хэрхэн ашиглах талаар суралцахыг хүсвэл Уран зургийн галларейд 2019 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд очиж, заавар зөвлөгөө авах боломжтой тул Авлигатай тэмцэх газраас иргэд, залуусыг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top