Нөлөө бүхий ТАВАН банкны актив  сүүлийн гурван жилд ингэж ӨСЖЭЭ

2019 оны 11 сарын 07

Монголын банкны салбарын актив энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсөж, 35 их наяд төгрөгт хүрээд буйг өчигдөр товч мэдээлсэн. Тэгвэл банкны системд нөлөө бүхий таван банкны актив сүүлийн гурван жилд хэдий хэмжээгээр нэмэгдсэнийг тодруулан хүргэе.

Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банкны актив  системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж байдаг. Тэгвэл Монголын банкны холбооны энэ оны гуравдугаар улирлын тоймд системийн нөлөө бүхий ТАВАН  банкны актив, зээл, чанаргүй зээл, харилцах, хадгаламж, өөрийн хөрөнгө болон ашиг, алдагдлыг харьцуулсан байна.

Нөлөө бүхий ТАВАН  банкны активийн  сүүлийн гурван жилийн өсөлтийг харахад 2017 онд Хаан, Худалдаа хөгжлийн банкны актив аль аль нь 7.2 их наядаар хэмжигдэж байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хаан банкных 9.9 их наяд, Худалдаа хөгжлийн банкных  7.7 их наяд төгрөг байна. Тэгэхээр Хаан банкны актив гурван жилийн дотор 2.7 их наядаар нэмэгдсэн бол Худалдаа хөгжлийн банкных 500 тэрбумаар өсжээ.

Голомт банкны тухайд актив нь гурван жилийн дотор 1.8 их наядаар  өссөн бол Төрийн банк 700 тэрбумаар, Хас банк 400 тэрбумаар тус тус актив нь нэмэгджээ.


Хаан банк

2017 оны гуравдугаар улиралд -  7.2 их наяд төгрөг

2018 оны гуравдугаар улиралд -  8.6 их наяд төгрөг

2019 оны гуравдугаар улиралд - 9.9 их наяд төгрөг


Худалдаа хөгжлийн банк

2017 оны гуравдугаар улиралд - 7.2 их наяд төгрөг

2018 оны гуравдугаар улиралд -  7.3 их наяд төгрөг

2019 оны гуравдугаар улиралд -  7.7 их наяд төгрөг


Голомт банк

2017 оны гуравдугаар улиралд – 5 их наяд төгрөг

2018 оны гуравдугаар улиралд – 5.2 их наяд төгрөг

2019 оны гуравдугаар улиралд- 6.8 их наяд төгрөг


Төрийн банк

2017 оны гуравдугаар улиралд – 2.3 их наяд төгрөг

2018 оны гуравдугаар улиралд – 2.6 их наяд төгрөг

2019 оны гуравдугаар улиралд-  3 их наяд төгрөг


Хас банк

2017 оны гуравдугаар улиралд –  2.7 их наяд төгрөг

2018 оны гуравдугаар улиралд –  2.9 их наяд төгрөг

2019 оны гуравдугаар улиралд-  3.1 их наяд төгрөг


Банкны салбарын 35 их наяд төгрөгийн актив гэдэг бол Монголын эдийн засагтай тэнцэхүйц актив. Санхүүгийн зах зээл дэх  банкны секторын  хэт давамгай байдал эргээд эдийн засагтаа асуудал дагуулдаг гэдгийг судлаачид хэлдэг. Гэсэн ч өнөөдрийн байдлаар банкны салбар санхүүгийн зах зээлийн 94 хувийг бүрдүүлж байна. Энэ хэрээрээ Монголын эдийн засагт томоохон нөлөөтэй. Сануулахад, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Монголын бүх банкуудад активын чанарын үнэлгээ хийгдэхэд, долоон банк өөрийн хөрөнгө дутагдалтай гарч байсан билээ. Тэдгээрийн нэг болох Капитал банк өнгөрсөн дөрөвдүгээр сард татан буугдсан. Өнөөдрийн байдлаар 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкнаас өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн зургаан банкны хөрөнгө нэмсэн эх үүсвэрт магадлан шалгах аудит хийж,  түүний мөрөөр авч хэрэгжүүлэх дүгнэлт гаргах ажил ид эхэлж байгаа тухай Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдэгдээд буй. Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэртэй холбоотой мэдээлэл удахгүй, албан ёсоор тодорхой болох биз ээ.

Гуравдугаар улирлын байдлаарх банкуудын активын голлох өсөлтийг зээл болон банкны нөөц хөрөнгө бий болгосон байгаа юм.  2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор 2016 онд 3.6 их наяд төгрөг байсан бол 2019 оны гуравдугаар хагаст 1.5 их наяд төгрөг болж буурчээ. Засгийн газрын үнэт цаасны арилжаа зогссоноор банкууд хөрвөх чадвараа хангахын тулд төв банкны үнэт цаасыг худалдан авч эхэлсэн. Улмаар нэг их наяд хүрэхгүй байсан төв банкны үнэт цаас тав дахин нэмэгдэж, 4.2 их наяд төгрөгт хүрээд байна. 

Сануулахад, Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давж байсан бол мөн оны  дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 6.5 хувиар өсөж,  33.1 их наяд төгрөгт хүрч байсан юм. Харин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар банкуудын нийт актив 33.5 их наяд төгрөг болж байсан. Тэгвэл одоо 35 их наядаар хэмжигдэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top