500 саяын хар тамхины хэргээр Нигерүүдийг шүүх гэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан билээ.

Шалгалтын явцад, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо Изичукву Чиома Фавор нар нь  гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан нэрээр Монгол Улсад  оршин сууж байсан юм.  

Дээрх иргэд нь НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “айс” хэмээх нэршилтэй мансууруулах бодисыг Тайландаас олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн байдаг ба хар тамхиа монголчуудад худалддаг байсан юм.

Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрөгч аравдугаар сард дууссан бөгөөд нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Прокуророос Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13.30 цагт хэлэлцэхээр хурлын тов гараад байна.

Энд сонирхуулахад, дээрх хэрэг гарсны дараачаас Гадаадын иргэн харьяатын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Энэ талаар ГИХГ-ын дарга Д. Мөрөн хэлэхдээ “Сүүлийн үед хар тамхины хэрэгт гадаадын иргэд холбогдох асуудал гарч байгаа. Хар тамхины хэрэглээ өндөр улсуудын талаар бид мэдээлэлтэй ажилладаг. Тиймээс Нигер иргэдэд зөвшөөрөл олгохоо зогсоосон” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top