Хамгийн хачирхалтай долоон уралдаан

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Спортын ертөнцөд уралдаан тэмцээн тоо томшгүй олон бий. “Формула-1”, “Парис-Дакар”, “Тур де Франс” зэдэг алдартай уралдааныг бүгд мэднэ. Гэхдээ машин, мотоцикл, дугуй, завь, явган уралдаан хэний ч сонирхлыг татахаа больжээ. XXI зууны хүмүүсийг татахын тулд ямар нэг онцгой содон зүйл бодож олохгүй бол болохгүй. “BillionNews” агентлагаас “Дэлхийн хамгийн хачирхалтай долоон уралдаан”-ы чансаа гаргажээ.
 

1. Тэмээтэй робот
 


Робот гэхээр техник, технологи хөгжсөн Наран орон санаанд бууна. Гэвч харамсалтай нь тэнд тэмээ байхгүй. Тэмээ унасан роботын уралдаан АНЭУ-ын Дубай хотод жил бүр явагддаг.  Бид л мэдэхгүй байгаа болохоос энэ уралдааныг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс маш олон мянган хүн цуглардаг. Тэмээний уралдаан өвөрмөц ч робот унана гэхээр олны сонирхлыг бүр татах нь аргагүй. Уг нь робот буюу төмөр хүнээс хүн хөнгөхөн, дээр нь жолоодон давхих давуу талтай ч үгүй гэнэ. Урьд нь энэ уралдаанд хүүхдүүд оролцдог байсан ч манайд болдог шиг хүүхдүүд гэмтэж, бэртээд байсан тул алсын удирдлагатай роботоор сольсон байна. Монголд ч хэрэглэмээр  сайхан туршлага байгаа биз.
 

2. Эмгэн хумсны уралдаан
 


Эмгэн хумсны уралдааныг уралдаан гэж нэрлэхэд хэцүү. Мөлхөөд л байна, мөлхөөд л байна. Гэхдээ цаг бүртгэж, рекорд амжилт тогтоодог бас л нэг спортын төрөл. “Хурдан эмгэн хумсны уралдаан” жил бүр Америкийн Виржин мужийн Норфилкт болдог. Энд ертөнцийн тив бүрээс шалгарсан шилдэг 300 эмгэн хумс хүрэлцэн ирж, амтат салатаар дүүргэсэн Мөнгөн цомын төлөө хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлддөг.
 

3. Хурдан морины марафон
 


Монголчууд бид жил бүр сум, аймаг, улсын наадамд хурдан морь уралдахыг харан, сэтгэлийн цэнгэл эдэлдэг ч манай уралдаан бусад орны хүмүүст ямар өвөрмөц  санагддагийг ойлгодоггүй. Тэгвэл “BillionNews” агентлагаас манай наадмын уралдааныг марафон гэж нэрлэн, дэлхийд хамгийн хэцүү морины уралдаан гэж тодорхойлжээ. Мөн “Монголын зах хязгааргүй хээр талаар олон мянган км зам туулан давхих энэ уралдаан маш хэцүү. Энэ уралдаанаар морь унасан тамирчид сураггүй алга болох тохиолдол цөөнгүй” гэж тайлбарласан байна.
 

4. Амазон мөрний уралдаан
 


Дэлхийн хамгийн аюултай гол болох Амазон мөрний усанд зүгээр ороход ч аймшигтай. Тэгвэл энэ голоор уруудан уралддаг экстрим уралдаан Перу улсад явагддаг. Нэг буруу хөдлөхөд л завь нь хөмрөх аюултай төдийгүй Амазоны усанд матар, махчин пиранья загас сүлжилдэж, уналаа л бол идэхэд бэлэн хүлээж сууна. Хамгийн аймшигтай нь уралдааны завь нь мэргэжлийн эд биш, тамирчид өөрсдөө хийсэн, гар хийцийнх байх ёстой.


5. Ямааны уралдаан, хавчны өрсөлдөөн
 


Тринидад Тобаго улсын Тобаго арал дээр дөрөвдүгээр сарын эхээр болдог энэ тэмцээн хоёр үе шаттай. Эхний шатанд ямаа оролцоно. Эзэн нь уяанаас нь барин гүйх тул элдэв асуудал гарахгүй барианд ордог.  Дараа нь хавчны ээлж. Ямаанаас ялгаатай нь харсан зүгтээ “гүйдэг” хуучтай тул эзэд нь төмөр саваагаар хатган, чиглүүлж өгдөг. Ингээд хоёр уралдааны нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулна.


6. Агаарын бөмбөлөг
 


Америкийн Рино хотод 40 шахам жил агаарын бөмбөлгийн уралдаан явагдаж байна. Шагналын сан жил ирэх тусам нэмэгдсээр энэ жил 20 мянган долларт хүрээд байгаа аж. Бөмбөлөгтэй хүн бүр оролцож болох энэ уралдаан нийт гурван өдөр үргэлжилж, дүнгээ гаргана. Хэдэн зуун агаарын бөмбөлөг тэнгэрт уралдахыг харна гэдэг үнэхээр сайхан.


7.  “Бедвотер” марафон
 


Дэлхийн хамгийн тэсвэртэй хүмүүс өрсөлддөг энэ уралдааныг зүгээр л там гээд нэрлэчхэж болно. Хоёр хоногийн дотор тамирчид “Үхлийн хөндий” хэмээх элсэн цөлөөр 217 км газар гүйж, далайн түвшнээс 2520 метр өндөр Уитни ууланд авирдаг. Дусал ус байхгүй, өдөр нь +50, шөнө нь -40 хэм хүрдэг энэ хөндийд аялж явахад тань араг яс тааралдвал марафоны тамирчин л гэж бодоорой. Бедвотер марафонд амь насаа алдсан хүний тоо хэдэд хүрснийг хэнд ч мэдээлдэггүй. Ийм аюултай марафонд түрүүлэхээр маш өндөр шагнал хүртдэг байх гэж та бодож байна уу? Үгүй шүү, медаль, богино цамц, диплом л авдаг.

Үүнээс гадна чаргатай чармай нүцгэн уралдаан, хүүхдийн дугуйтай томчуудын уралдаан, лего машин, өвс хадагчтай уралдаан, Мароккогийн халуун марафон, Омскийн хүйтэн марафон гэж байдаг ч чансаанд багтаагүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.45.98) 2019 оны 11 сарын 10

Манай наадмын уралдаан биш ээ. Манай улсад болдог холын зайн уралдаан гадаадын тамирчид оролцдог.

0  |  0
Top