“Евро 2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. А хэсэгт багтсан Английн шигшээ баг маргааш талбай дээрээ Черногорийн шигшээг хүлээн авах болно. Английн баг ялсан тохиолдолд ирэх жилийн Европын аваргын тэмцээнд орох эрхээ авах юм.
Харин энэ тоглолтод гол тоглогчдын нэг Рахим Стерлинг тоглохгүй боллоо. Түүнийг бэлтгэл дээр багийн анд Гомесийг заналхийлж, зодохыг завдсан хэргээр шигшээ багаас хассан байна.
Хоёр тоглогчийн маргаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Премьер лигийн ээлжит тойргийн тоглолтоос улбаатай. Хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпуль” баг араас нь нэхэж явсан “Манчестер Сити”-г хүлээн авч, 3-1 ялснаар 9 оноо тасарсан. Өмнө нь “Ливерпуль” багт хүчин зүтгэж байсан Стерлингийг бөмбөг авах болгонд “Энфилд” цэнгэлдэхэд ирсэн үзэгчид шүгэлдэж байлаа.
Тоглолт дуусах гэж байхад Жо Гомес, Рахим Стерлинг хоёр бага зэрэг сөргөлдөөд авсан. Торгуулийн цохилт хийх эрх авсан Стерлинг бөмбөг авах гэсэн ч Гомес түлхэж, тэд маргалдсан юм. Шүгэл дуугараад л мартагдах тоглолтын жирийн нэгэн зүйл. Харин Стерлинг мартсангүй.
Даваа гарагт нь хоёр тамирчин шигшээ багийн бэлтгэлд хамрагдлаа. Рахим бэлтгэл эхлээд л “Ливерпуль” багийн хамгаалагч руу дайрч, “Чи өөрийгөө том залуу гэж бодсоор байна уу” гэж асуусан байна. Бусад тоглогчид түүнийг тоглож байна гэж бодтол Стерлинг Гомесийг багалзуурдах гэж оролджээ.
Шигшээ багийн удирдлага шуурхай хуралдаж, Рахим Стерлингийг Черногортой хийх тоглолтын бүрэлдэхүүнээс хассанаа зарлалаа.
Шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт “Манай шигшээ багийн хүчтэй тал бол бид клубийн түвшний өрсөлдөөнөө шигшээд ирэхээрээ мартдаг явдал байлаа. Харамсалтай нь Рахим “Ливерпуль”-тэй хийсэн тоглолтын сэтгэл хөдлөлөөсөө салж чадалгүй ирсэн. Түүнийг хассан нь зөв гэж багийн бүх гишүүн үзсэн” гэж мэдэгдсэн.
Стерлинг ч буруугаа хүлээж, Жо Гоместой эвлэрснээ зарласан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Teneg ongiroo har hassan n zuv bolson