ТОКИО ХҮРЭХ ЗАМ: Спорт авиралт

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Ц.Энхтүвшин. “ТАВАН ЦАГАРИГ” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч

“Токио-2020” Зуны Олимпын XXXII наадмын хөтөлбөрт дөрвөн спорт шинээр нэмэгдсэний нэг нь спортын авиралт. Олон Улсын Олимпын Хороо 2016 онд “Токио-2020” Олимпын наадамд уг спортыг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг нэг цогц медалийн төлөө өрсөлдөх эрх олгосон. Тиймээс Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC) олимпын наадамд спорт авиралтын (lead climbing, bouldering, speed climbing) гурван төрлийн нийлбэрээр алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахаар шийдвэрлэсэн нь спорт авиралтын ертөнцөд ихээхэн маргаан дэгдээсэн билээ. Учир нь эдгээр авиралтын төрөл өөр өөрийн өвөрмөц онцлог, ур чадвар шаардагддаг.

Lead climbing буюу өндөрт авиралт нь тамирчид тусгайлан бэлдсэн хиймэл хана, эсвэл хаданд тодорхой оргилд хүрэх дүрэмтэй. Тамирчдад эхлээд замаа сонгох 5 минут өгдөг бөгөөд дараа нь тамирчид өөр өөрсдийн сонгосон маршрутаар ээлж дараагаар авирна. Тамирчид авиралт хийхдээ заавал хамгаалалтын олс хэрэглэх ёстой бөгөөд мөн тодорхой хугацаа буюу 4-15 минутын хязгаар бий. Тамирчдын амжилтыг оргилд (ихэвчлэн 18-20 метр) хүрсэн болон зарцуулсан хугацаагаар дүгнэдэг. Тамирчин нэг л оролдлого хийх дүрэмтэй. Энэ төрөл нь спорт авиралтын хамгийн түгээмэл, нэр хүндтэйд тооцогддог. Учир нь авиралтын энэ төрөл маш олон талт техник, зохион байгуулалт, оновчтой шийдвэр, хөдөлгөөн болгоны тооцоолол, төгс гүйцэтгэл, тэсвэр , хүч чадал гээд маш олон зүйлээс амжилт нь шалтгаалдаг билээ.

Bouldering гэдэг нь 4-6 метрийн өндөртэй хаданд болон хиймэл чулуун хананд ямар нэг бэхлэлтгүйгээр авирах төрөл. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс зөөлөвч матрас, гар халтирахгүй болгодог шохой зэргийг хэрэглэж болдог. Тамирчин хэдэн ч оролдлого хийж болохоос гадна, авиралт болгоны дунд завсарлага авахыг зөвшөөрдөг. Түүнээс гадна авиралтын хэцүү, хүндийг харгалзсан зэрэглэлтэй байдаг. Энэ төрлийн тэмцээнд тамирчин 4-5 өөр хананд авирах бөгөөд нийт зарцуулсан хугацаагаар амжилтыг тооцдог.

Speed climbing - мэдээж хурдан авирах нь гол зорилго бөгөөд 15 метрийн стандарт бүхий хиймэл хананд авирдаг. Тамирчин хамгаалалтын олс, бэхлэлт хэрэглэдэг. Энэ төрлийн дэлхийн рекордыг эрэгтэйд Ираны авирагч, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, “Ираны ирвэс”, “Босоо ертөнцийн хамгийн хурдан хүн” хэмээх хочтой Реза Алипоур 5,48 секундээр эзэмшдэг бол эмэгтэйд Индонезийн авирагч, “Spiderwomen” хочит ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Ариес Сусанти Рахаю 6, 99 секунд амжилтаар дэлхийн рекордын эзэн юм.

Хурдан авиралтад ихэвчлэн яг энэ төрлөөр мэргэжсэн, эсвэл авиралтын ихээхэн туршлагатай тамирчид л өрсөлддөг.

Тиймээс ч lead climbing , bouldering тамирчин speed climbing-ийн тамирчинтай өрсөлдөх нь хөнгөн атлетикийн дундын зайн тамирчныг ойрын зайн гүйгчтэй өрсөлдүүлэхтэй адил хэмээн шүүмжлэгчид олон. Мөн эхний хоёр төрлийн тамирчин нөгөө төрөлдөө орж болох ч хурдан авиралтад өрсөлдөх асар хүндийн адил хурдан авиралтын тамирчин lead болон boulderingt амжилт гаргахад хэцүү.

Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд ОУОХ-ноос спорт авиралтын нэг л төрлийн эрэгтэй, эмэгтэй цогц медалийг зөвшөөрсөн болохоор Олон улсын спорт авиралтын холбооноос хамгийн өргөн дэлгэрсэн авиралтын гурван төрлөө “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн” тулд ийм шийдвэр гаргахад хүрчээ.

“Токио-2020” олимпын спортын авиралтын төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 авирагч оролцох бөгөөд нэг орон дээд тал нь дөрвөн (эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр) тамирчин оролцуулах боломжтой.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 эрхийн найм нь одоогоор “эзэнтэй” болсон. Энэ нь зохион байгуулагч орон Япон нэг, мөн 2019 оны ДАШТ-ий “холимог” (олимпод оролцох 3 төрлийн нийлбэр) ангилалд эхний долоон байр эзэлсэн тамирчин. Үлдсэн 12 эрхийн зургааг нь 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын хоёронд Францын Тулуза хотноо болох Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчинд, нэгийг нь тивийн Олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн тамирчинд олгох бөгөөд Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн 2020 оны тавдугаар 18-24 -нд Японы Мориокад болох юм.

Үлдсэн ганц эрхийг Гурван талт комиссын (IOC-International Olympic Committee буюу Олон Улсын Олимпын Хороо, ANOC- Associations of National Olympic Committees буюу Үндэсний Олимпын Хороодын холбоо, ASOIF-Association of Summer Olympic International Federations буюу Зуны Олимпын спортын төрлүүдийн холбоо ) урилгаар олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top