Хөлбөмбөг: Камбож, Монголын тоглолт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Өнөөдөр /11 сарын 14/ манай хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА өдрүүдийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Тоглолт Камбож улсын цагаар 18:30, Монголын цагаар 19:30 минутаас Пномпень хотын Олимпын цэнгэлдэхэд эхлэх юм.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болж, багийн дасгалжуулагч, ахлагч нар оролцлоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс:

"Камбож Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад юун түрүүнд энд бэлтгэл хийх боломжийг олгосонд баярлалаа гэж хэлье. Яг одоо Монгол улсад 20 хэм хүйтэн байгаа. Тийм нөхцөлд залуус маань бэлтгэл хийж чадах хэдий ч Мьянмар улсад зочлон тоглох чухал тоглолтод халуун дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудлууд бидэнд гарч ирэх байсан. Камбож улсад хийж байгаа энэ бэлтгэл болон тоглолт бидэнд маш их тус болж байна. Камбож улсын шигшээ баг бол хүчтэй баг тэд ДАШТ-ий урьдчилсан шатны С хэсэгт бичигдэж байгаа. Албан ёсны тоглолт учраас бид бүх чадлаа дайчлан тоглох болно”

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал:

"Камбож улсад бэлтгэл хийж байгаа нь сайн хэрэг. Камбож улсын шигшээ багийн хувьд хүчтэй сайн баг. Эхний хагаст гоол алдалгүй сайн хамгаалж, тоглолтыг өөрийн хэмнэлдээ оруулах нь бидний гол зорилго. Юутай ч энэ улсаас оноотой буцахыг хичээх болно.

Камбожийн шигшээ багийн дасгалжуулагч Феликс Далмас:

"Бид ДАШТ-ий урьдчилсан шатны дараагийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ. Монголын шигшээ багийн хувьд Хонконгтой ижил биеийн хүчний тоглолттой, хүчирхэг баг. Тийм учраас сайн бэлтгэл болно гэж бодож байна. Ширүүн тоглолттой хэдий ч бид өөрсдийн үндсэн хэв маягийг алдалгүй тоглохыг хичээх болно” гэж ярьсан байна.

Камбожийн шигшээ баг дэлхийн чансааны 172-р байранд бичигддэг, манай багаас чансаа 14 байраар илүү. Ахлах дасгалжуулагчаар Аргентин мэргэжилтэн Феликс Далмас ажилладаг. Тус шигшээ баг 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн С хэсэгт сүүлийн байрт явж байна.

Тоглолтын шууд дамжуулалтыг эндээс үзнэ үү.

Камбожийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт

2019 оны 10-р сарын 15

Камбож – Ирак 0:4

2019 оны 10-р сарын 10

Иран – Камбож 14:0

2019 оны 9-р сарын 10

Камбож – Бахрейн 0:1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top