Ирэх оны төсвийн үр өгөөж, зарцуулалтын талаар “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяатай ярилцлаа. Тэрбээр жил бүрийн улсын төсөвт хөндлөнгийн хяналт, мониторинг хийдэг төрийн бус байгууллагын судлаач юм.
-Та бүхэн улсын төсвийн талаарх хөндлөнгийн судалгааг 2017 оноос эхлэн хийж иржээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2020 оны төсөв хэр үр өгөөжтэй байна вэ?
-Улсын төсвийн үр өгөөжийг ярихад асуудал их байна. 2017 оноос эхлээд улсын төсвийг ажиглахад нэг салбарт хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг үзэхгүйгээр нөгөө салбарт шилжүүлдэг нэгэн хэвийн дүр зураг гарсан. Ялангуяа 2019, 2020 оны төсөвт төрийн байгууллагуудын барилга, байгууламжийг олноор барих тухай асуудал орсон байгаа. 2019 онд манай улсын төсөв 10 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бол хөрөнгө оруулалтыг тэлж харагдуулах үүднээс зардлаа өндөр тавьж байгаа явдал юм. Зөв, бурууг бодууштай. Миний бодлоор төсвийн зардлаа хумьж, төсвийг алдагдалтай батлах гээд байх шаардлагагүй. 2020 оны төсвийг хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай батална гээд байгаа. Бүтээн байгуулалт нэрээр олон барилга барина гэж ихээхэн хөрөнгө төсөвлөжээ. Он дамнасан барилгуудын төсөвт өртөг жил болгон өөрчлөгдөж байгаагийн учрыг нэгмөсөн олох хэрэгтэй. Он дамжсан барилгын төсөв хоёроос зургаа дахин нэмэгдсэн тохиолдол ч байна. Энэ нь төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаагийн бодит жишээ. Тиймээс бага төсөвлөсөн томоохон барилгууд он дамжих эрсдэлтэй. Нөгөө талаар бүтээн байгуулалтын ажил саарах, хэрэгжээгүй тохиолдол ч гарсан.
-2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд тааруу хэрэгжсэн гэж ойлгож болох уу?
-Төсөвт тусгасан бүтээн байгуулалтын ажлууд үр ашиггүй байсан. 2018 онд Аудитын ерөнхий газраас төсвийн хөрөнгө оруулалтаар дуусаагүй барилгуудад аудит хийсэн. Нийт 93 барилгаас 46 барилгын ажлыг дуусгах тухай аудитын дүгнэлт гарсан. Гэвч эдгээрээс 10 барилга нь 2020 оны төсөвт тусгагдаагүй байгаа юм. Нэгэнт эхэлсэн барилгуудыг дуусгачих хэрэгтэй. Нөгөө талаас олон том төслийг зэрэг эхлүүлэх нь үр ашиггүй гэж үзэж байгаа юм.
-УИХ-аар 2020 оны төсвийг баталчихлаа. Таныхаар төсвийг сайжруулах ямар боломж байсан бэ?
-Одоогийн өргөн барьсан төсөв эдийн засгийнхаа боломж бололцоо, бидний тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байна. 2019 оны төсөв сайн ч бай, муу ч бай Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжид дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр нэг ч мөнгө төсөвлөөгүй. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ядуурлыг бууруулах 2030 оны тогтвортой хөгжлийн зорилгод нийцэхгүй байна. Иргэд зөвхөн нийгмийн халамж аваад ядуурлаас гарахгүй. Тогтвортой ажлын байртай байж ядуурлаас гарна. Гэтэл үйлдвэрлэл нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт улсын төсөвт суугдахгүй байна. Ийм байхад 2020 оны төсвийг яаж сайн төсөв гэж хэлэх юм бэ.
-Та бүхэн төсвийн үр ашгийг судлахдаа мэргэжлийн баг ажиллуулдаг гэж бодож байна?
-Ерөнхийдөө эдийн засагч, нягтлангуудын баг ажилладаг. Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн баг ажилласан. Манай төрийн бус байгууллага 2020 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг түлхүү судалсан.
-Төрийн байгууллагуудын шилэн дансны ил тод байдал хангагдаж чадаж байна уу?
-Нэг үеэ бодвол төрийн байгууллагууд төсвийн зарцуулалтаа харьцангуй ил тод байдлаар өөрсдийн сайтдаа байршуулдаг болсон. Шилэн дансанд жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, таван саяас дээш төгрөгийн гүйлгээний мэдээлэл ерөнхийдөө тавигддаг. Харин Аудитын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ долоодугаар сарын 1-нд багтааж тавих ёстой гэсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт тун тааруу байна. Үүний хэрэгжилтийг 2019 онд шалгахад төсвийн ерөнхийлөн захирагч нараас 12 нь долоодугаар сарын 1-нд буюу цаг хугацаандаа аудитын хэрэгжилтийг тавиагүй байсан. Эдгээр газрыг үүргээ биелүүл хэмээн албан тоот хүргүүлсэн. Гэвч Ховд, Завхан, Дорноговь аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн яамнаас шаардлагыг биелүүлээгүй. Төрийн бус байгууллагад мэдээлэл өгөхгүй гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар дургүйцдэг. Мөн шилэн дансанд мэдээллээ байршуулсан ч гэсэн асуудалтай төрийн байгууллага олон бий. Жишээлбэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ оронд Аудитын газрын зөвлөмжийг тавих гэх мэт байдлаар дутуу мэдээлэл байршуулж, зарим талаар мэдээлэл авахыг хүсч байгаа хүнийг төөрөгдүүлдэг. Төрийн байгууллагууд шилэн дансыг хэрэгжүүлж байгаа боловч утга, агуулгын хувьд бүрэн төгс хэрэгжихгүй байна.
-Судалгааны байгууллага төрийн байгууллагаас мэдээлэл авахад ямар саад бэрхшээл үүсдэг вэ?
-Ерөнхийдөө төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүсвэл сарын дотор ямар нэг хариу авна. Огт ямар ч мэдээлэл олохгүй гэсэн зүйл байхгүй. Иргэд төрийн бус байгууллагатай адил мэдээлэл олж авах эрх нь нээлттэй.
-Та бүхний ярьж байгаа нэг асуудал нь 2020 оны төсвийг батлахдаа аудитын байгууллагын зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн эсэхийг хянахыг шаардаж байгаа. Нөгөө талаар 2020 оны төсөв сонгуулийн жилийнх гэдэг утгаараа олны анхаарлыг ихэд татаж байна. Сонгууль төсөвт нөлөөлсөн үү?
-Аудитын байгууллагын зөвлөмжүүд сул хэрэгжиж байгаа. Жил бүр халамжийн мөнгөнүүд нэмэгдэхгүй. Гэтэл сонгуулийн жилийн төсөвт сонгуулийн шоунд ашиглах халамжийн мөнгөө тухайн жилийн төсөвт суулгаж өгөх гэдэг. Тиймээс нэг талаас ирэх оны төсөв бол сонгуулийн төсөв. Нөгөө талаас Орон нутгийн хөгжлийн санд олгож байгаа төсвийн хөрөнгө оруулалтад хяналт бараг байхгүй. Иргэд хэлэлцэж байж орон нутагт хийх ажлуудыг зөв шийдвэрлэх ёстой байтал орон нутгийн төсвөөр хийх ажлууд эсрэгээрээ явагдаж байна. Ихэвчлэн орон нутгийн удирдлага хөрөнгийг захиран зарцуулж, юу хийснийг нь мэдээгүй иргэд ч олон байдаг. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулдаг асуудал нууц биш.
-Хөндлөнгийн судалгааны байгууллагын зүгээс харахад ямар төсвийг зөв гэх вэ?
-Төсөв гэдгийг энгийнээр хэлэхэд бидний олж чадах, зарцуулж чадах мөнгө юм. Тэгэхээр олж чадах мөнгөнөөсөө илүү гаргаж зардлыг батлахгүй бол үр ашигтай төсөв болно. Олж чадах мөнгөнийхөө хэмжээнд хамгийн зөв зүйтэйгээр төсвийг зарцуулах хэрэгтэй. Гэхдээ нэмүү өртөг бүтээж, үйлдвэрлэл бий болгож байгаа ачааг хувь хүмүүс, иргэд бид үүрч байна. Харин улсын хувьд төрийн байгууллагын барилга барихдаа их анхаарч байна. Ийм байж болохгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байгаа учраас эдийн засаг дээшилнэ гэсэн гэрэл гэгээ ирэх оны төсөвт харагдахгүй байна.
-Та бүхэн ашиг сонирхлын зөрчилгүй, зөвхөн хөндлөнгийн хяналтын байр сууринаас судалгаа хийсэн үү?
-Бид ямар нэгэн намын гишүүнчлэлгүй, төрийн байгууллагын захиалгагүйгээр буюу аль ч талыг барихгүй хөндлөнгийн хяналтыг улсын төсөвт хийдэг.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913