Ц.Энхтүвшин. “ ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч
Уран гулгалтын 2019-2020 оны улирлын Гран-при цувралын тав дахь гараа болох “Кубок Ростелеком-2019” энэ сарын 15-17-нд болж өндөрлөлөө.
Москва хотын 12000 хүний суудалтай “Мегаспорт” ордон энэ өдрүүдэд ёстой л “Яблоку негде упасть” гэх орос үгийг санагдуулахаар дүүрэн үзэгчтэй байлаа. Арга ч үгүй, энэ улирлын уран гулгалтын Гран-при цувралд Оросын уран гулгагчид гайхамшигтай амжилттай оролцож байгаа. Ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос охид, алдарт дасгалжуулагч Этери Тутберизегийн шавь нар “ноёрхож”, дэлхийг дэлдийлгэж байгаа билээ. Энэ жилийнх шиг уран гулгалтын Гран-при цуврал үзэгчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг тийм их татаж байсныг урьд өмнө төдийлөн дуулж байсангүй. Яах аргагүй л орос охидын амжилтын ач л даа.
Дэлхий даяар ийнхүү анхаарлаа хандуулж байхад оросууд өөрсдийн гулгагчдаа, охидоо эх орондоо хэрхэн гулгахыг харах гэж шимтэлгүй яах вэ дээ. Үзэгчид хөгжөөн дэмжигчдийнхээ, эх орон нэгтнүүдийнхээ итгэлийг ч Оросын гулгагчид алдсангүй. Спортын хос, бүжгийн хос, эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан гээд бүх төрөлд ОХУ-ын уран гулгагчид алтан медалийг хүртлээ.
Бүжгийн хослолд В.Синицина/Н.Кацалапов нар хоёр дахь Гран-пригийн түрүү авснаар (хэдхэн хоногийн өмнө Хятадын Гран-прид түрүүлсэн) ирэх 12 дугаар сарын 5-8-нд Италийн Турин хотноо болох Гран-пригийн “Финал”-д оролцох эрхээ өвөртлөв. Энэ дашрамд тодруулахад “Финал”-д төрөл тус бүрд Гран-при цувралаас өндөр оноотой ердөө зургаа, зургаан тамирчин, хос оролцдог журамтай.
Спортын хослолд түрүүлсэн А.Бойкова/ Д.Козловский нар ч “Финал”-д гулгах болзлоо хангалаа.
Тэд өмнө нь Канадын Гран-прид мөн алтан медаль авсан билээ. Өмнө нь хоёр ч Гран-прид үзүүрлэсэн ОХУ-ын Д.Павлюченко/Д.Ходыкин нарын хослол финалд оролцох оноогоо биелүүлээд байсан юм. Москвад мөн мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын бас нэг хослол Е.Тарасова/В.Морозов нар ч финалд шалгарах боломж бий.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг орос залуучууд А.Самарин, Д.Алиев, М.Игнатов нар хүртлээ. Алексей Самарин финалд гулгах эрхээ авсан бол Дмитрий Алиев финалд шалгарах маш том алхам хийлээ дээ.
За мэдээж эцэст нь үзэгчдийн, уран гулгалтын хорхойтнуудын хамгийн их сонирхол татдаг эмэгтэй ганцаарчилсан төрлийн тухай өгүүлье.
Өмнөх дөрвөн Гран-прид орос охид алтан медалийг бусдад алдаагүй. Ялангуяа энэ жил насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцож буй 15 настай Анна Щербакова, Александра Трусова, 16 настай Алёна Косторная гээд нэг багшийн шавь нар ээлжлэн түрүүлээд байсан. Анна Щербакова оролцсон хоёр гараандаа хоёуланд нь түрүүлж, финалын эрхээ хамгийн түрүүн авсан, төрөлдөө.
“Ростелеком”-д Оросоос Трусова, Медведева, Станислава Константинова нар гулгах зөвшөөрөлтэй байсан тул гол өрсөлдөөн Тутберизегийн шинэ “од” Трусова, түүний “экс шавь” дэлхийн хошой аварга, нэг хүрэл, олимпын хошой мөнгөн медальт Евгения Медведева нарын хооронд болох нь тодорхой байлаа.
“Хөлийг нь дөрөөнд” хүргэсэн унаган багш Этеригээ 2018 оны олимпын дараа Канадын цуутай гулгагч, мундаг дасгалжуулагч Брайн Орсероор сольж, түүний багт орсноосоо хойш Медведева энэ жилийн ДАШТ-ий хүрэл медалийг эс тооцвол томоохон амжилт гаргаагүй байсан. Энэ жилийн оролцсон эхний Гран-придээ дөнгөж тавдугаар байр эзэлсэн.
Тиймээс ч энэ удаа эх орондоо, үзэгчдийнхээ өмнө түрүүлж, 15-16 настнуудад “жийгдэх” болоогүй байгаа гэдгээ харуулахыг тун их хичээсэн биз ээ. Богино үзүүлбэрээ ямар ч алдаа, өөгүй гүйцэтгэсэн Медведева оноогоор тэргүүлж, үзүүлбэрээ эхлэхээс өмнө л санамсаргүй халитирч унаад, үзэгчдийн төдийгүй багш, дасгалжуулагчдынхаа ч инээдийг хүргэж, өөрөө ч чамгүй жуумалзаад авсан Трусова богино үзүүлбэрийн дараа Медведевагаас хоёр оноо дутуу хоёрдугаар байрт бичигдэж байв.
Бүхнийг шийдэх чөлөөт үзүүлбэр. Медведева зөвхөн түрүүлсэн тохиолдолд л “Финал”-д шалгарах магадлалтай. Тиймээс ч тэрбээр маш сайхан төгс гулгасан. Ямар ч алдаагүй. Гэхдээ л энэ бүхэн түрүүлэхэд хангалтгүй байлаа. Учир нь түүний өрсөлдөгч нь дөрвөн эргэлттэй үсрэлт хийхдээ гарамгай Саша охин шүү дээ.
Трусова чөлөөт үзүүлбэр дээрээ унасаан, унасан. Бүүр хоёр удаа. Дөрвөлсөн сальхов, гурвалсан лутц+гурвалсан тулупын каскад (комбинаци) дээр. Гэвч Трусова 4 эргэлттэй лутц, 4 эргэлтэй тулуп+3 тулупын каскад, 4 тулуп+ойлер+3 сальхов гээд 4 эргэлттэй гурван үсрэлт, мөн 3 лутц, 2 аксель гээд өндөр үнэлгээтэй үсрэлтүүдийг амжилттай гүйцэтгэж, оноогоо ахиулсаар алтан медаль хүртлээ. Үнэхээр одоо эмэгтэй уран гулгалтад дөрвөн эргэлттэй үсрэлт хийдэггүй тамирчид түрүүлэхэд тун хэцүү болжээ. Медведева гайхалтай сайхан гулгасан бол Трусова гайхамшигтай гулгасан гэж дүгнэж болно.
Ийнхүү хоёр дахь Гран-придээ түрүүлсэн Саша Трусова “Финал”-д гулгах “тийзээ” авлаа. 15-тай хоёр орос охин, нэг багшийн шавь хоёр гулгагч одоогоор энэ эрхийг өвөртөлсөн.
Хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 22-24 -нд энэ улирлын Гран-при цувралын сүүлчийн гараа болох “NHK Trophy” Японы Саппород болно. Уг Гран-прид эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Орос охидоос, Этеригийн шавь нараас Алёна Косторная болон олимп,дэлхийн аварга Алина Загитова нар оролцоно. Эхний гуравт ороход л аль аль нь “Финал”-д оролцох оноонд хүрнэ. Францын Гран-прид Алёна түрүүлж, Алина мөнгөн медаль хүртсэн, Японд дээгүүр үзэх нь тодорхой.
Тэгвэл энэ жилийн Гран-при “Финал”-д дөрвөн орос охин, нэг багшийн дөрвөн шавь шигшээ зургаад үлдэж, бас нэгэн ховор тохиох түүхийг та бид үзэх болно оо.
Яах аргагүй л Этери Тутберизе хэмээх аугаа дасгалжуулагчийн шавь нар эмэгтэй ганцаарчилсан төрөлд ойрын хэдэн жил ноёлох нь ээ.
Загитова 17 -той, Косторная 16-тай, Трусова, Щербакова хоёр чацуу 15 настай гээд л бодчих.
Тэгээд ч зогсохгүй эдний дараа гарч ирэх , залгамж халаа нь болох бэлтгэл дээрээ дөрвөлсөн тулуп гүйцэтгэж байгаа 14 настай Алёна Канышева, дөрвөлсөн сальхов амжилттай гүйцэтгэж байгаа 13 настай Майя Хромых , дөрвөлсөн сальхов, дөрвөлсөн тулуп амжилттай гүйцэтгэдэг 11-хэн настай Жилина Вероника, дөрвөлсөн тулуп+гурвалсан тулупын каскад амжилттай хийж байгаа бас 11 настай Софья Акатьева гээд охидууд Этеригийн багт хичээллэж байна гэнэ дээ.
Юу гэмээр байна?
Сэтгэгдэл ( 6 )
Аугаа оросууд, сайхаан, сайхаэн.
uran gulgaltiin temtseen vzeh goyshvv,,bayarlalaa.saihan medee b.aa
Солиотэй ээ
Этери гахамшигтай дасгалжуулагч юмаа.
Оросууд мундаг. Мэдээлэл таалагдлааа\n
goy medee boljeE. Medeeg ashiglaj bolohuu