С.Эрдэнэ: Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нэр зүүх гэсэн оролдлого боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Санал хураалтад 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг санал хураалтад АН-ын гишүүд оролцоогүй юм. Иймд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн өөрчлөлт таны хүссэн үр дүнд хүрсэн үү?

-Өнөөдөр парламентад улс төрийн намуудын хүчний харьцаа харилцан адилгүй байгаа. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн МАН өөрийнхөө эрхийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Гэхдээ Үндсэн хууль гэдэг бол аль нэг намын улс төрийн ашиг хонжоо харсан “хөзөр” биш. Энэ бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцааг зохицуулдаг хамгийн дээд бичиг баримт. Хэн дуртай нь гар хүрээд байдаг юм биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анх хэлэлцэж эхлэхээсээ эхлээд хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчлөө. Процессын олон алдаа гаргалаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтийг харахад улс орны нийгэм, эдийн засагт үр нөлөө өгөх яг ямар өөрчлөлт орчхов гэдгийг бодох учиртай. Яг энэ заалт улс орны хөгжилд хэрэг болно гэсэн өөрчлөлт орж чадсангүй. Гэрэл, гэгээтэй гэж бодож байсан ганц нэг заалтыг хассан. Зүгээр л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэдэг нэр зүүх гэж, улс төрийн хожоо олох гэж оролдсон алхам боллоо.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхдээ өмнөх алдаа дутагдлыг залруулна гэж байсан шүү дээ?

-2000 онд өнөөгийн МАН тухайн үеийн МАХН мөн л олонхоороо хүч түрж Үндсэн хуульд халдсан. Бидний ярьдаг дордуулсан долоон өөрчлөлтийг тэр үед оруулсан. Одоо болтол дордуулсан долоон өөрчлөлтийг засаж янзлаагүй байна. Өнөөдөр мөн л адилхан зүйл боллоо. Үнсдэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгэм, эдийн засгийн үр дүн өгч болохуйц өөрчлөлтүүд хүлээгдэж байсан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиас эхлээд Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт ороосой гэж хүлээж бай­сан. Монгол Улсын хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа нийслэл хот маань аймгийн статустай байж байх жишээтэй. 300 мянган хүн амтай дүүрэг, 30 мянган хүнтэй аймагтай ижил статустай, 20-30 мянган хүн амтай хороо 2-3 зуун хүн амтай багтай адил статустай байж байна. Нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нь харах юм бол өөрчлөлт хийх шаардлагатай олон заалт байсан. Харамсалтай нь энэ асуудлууд яригдсангүй. Үнэхээр энэ ач холбогдолтой гээд сугалаад аваад ярьчих юм олдохгүй нь. Ийм байд­лаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэнд харамсаж байна.

Зүгээр л МАН эрх барих хугацаан­даа 2016 онд өгсөн амлалтаасаа нэгийг ч биелүүлээгүй. Тиймээс сонгогчдын өмнө очихдоо ядаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг үгтэй очихын тулд энэ удаагийн өөрчлөлтийг хийлээ.

-Дордуулсан гэх долоон өөрчлөлтийг сайжруулах оролдлого хийгдээгүй гэж үү?

-Үгүй, үгүй. Өчигдөр санал хураалтаар гол асуудлууд бүгд уна­чихлаа. АН-ын оруулсан саналууд бүгд унасан. Жишээ нь, дордуулсан долоон өөрчлөлтийг засах гэсэн нэг ч заалт орсонгүй. Улс төрийн тогтворгүй байдал үүс­гээд байгаа хууль эрх зүйн алдаа­тай бодлогуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой байсан. Мөн нийгэм, эдийн засгийн цоож цуурга болсон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохицуулалтаас эхлээд маш олон өөрчлөлтийг энэ удаагийн өөрчлөлтөөр нээж өгөх ёстой байсан. Гэтэл нөгөө л шилжилтийн үеийн Үндсэн хуулийн заалтууд бүгд хэвээр үлдчихлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дахиж ярих шаардлага хэвээр үлдсэн.

-Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал найман жил боломжгүй гэж тайлбарлаж байгаа?

-Наадах чинь үндэслэлгүй яриа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль чинь өөрөө Үндсэн хууль биш. Үндсэн хуулийг дагаж гарсан органик хууль. Тэр хуульд дараагийн парламент өөрчлөлт оруулаад ард түмний хүсэн хүлээгээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өндөр түвшинд боловсруулж болно. Ард түмний санал хэлэлцүүлгүүдийг авч, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авсан зөвшилцлийн дээд бичиг баримт болгож өөрчлөлт оруулах боломж нээлттэй үлдсэн.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.3) 2019 оны 11 сарын 19

Жингэр хуцаж л байдаг жингийн цуваа явдгаараа л явдаг гэдэг байхаа

0  |  0
Зочин(202.126.89.231) 2019 оны 11 сарын 19

Танай нам гарахгүйгээс хойш одоо тулга тойрсон улс төриин акц хииж яахвэээ

0  |  0
Sreenn(203.91.115.50) 2019 оны 11 сарын 19

An nam yamar tom aldaa gargavdaa erdenee dargaa ug ni esreg sanal bariad undsen huuliin sanal huraaltand oroltsood tuuhend todoos tod uldeh bsan daa ta er ni yamar uls turiin medremjgui hun be 10jiliin daraa undsen huuliig bugdeeree sanal negtei batalsan yum bn gj l oilgono shuu dee ene bol tanii hiisen tom nugel dee an nam ug ni tom nam shuu dee

0  |  0
За(122.201.21.121) 2019 оны 11 сарын 19

АН та нар хог шаарууд

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 11 сарын 18

АН бол зүгээр л хорлон сүйтгэх , эдийн засаг унагааж ард түмнийг хохироох хүсэлтэй нам,,,,\nӨөөрсдөө хийж чадаагүй болохоор хорсоод үхлээээээээээээээ

0  |  1
Top