Ярилцсан “Таван цагариг” сонины сурвалжлагч Э.Гуамарал. Нарита хот
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” тэмцээний дараа хэдхэн хором ярилцлаа.
-Энэ удаагийн дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү авчирч оролцлоо. Дасгалжуулагчийнхаа хувьд тэмцээнийг дүгнэвэл?
- 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй чөлөөт бөхийн баг багаараа 7-р байрт орсон. Тус тэмцээний үзүүлэлтээр эхний 2,3т бичигдэж байгаа 2 багтай энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд нэг хэсэгт орсон. Чансаагаараа хоёрт байгаа ОХУ-ын багийг хэсгийн барилдаанд 6:4 харьцаатайгаар ялж, АНУ-ын багтай энэ тэнцүүхэн өрсөлдөж 4:6-аар хожигдлоо. Ахиад нэг л ялалт авсан бол манай охид финалд үлдэх боломжтой байлаа. Шинэ залуу тамирчдадаа боломж олгох, тэдэнд нөөц бололцоо бий гэдгийг харуулах, мөн тэдний сэтгэл зүй дээр илүү ажиллах зорилготойгоор энэ тэмцээнд авчирсан. Өнгөрсөн жилүүдэд туршлагатай тамирчдаа оролцуулж, 2014 онд мөнгө, 2015, 2017, 2018 онуудад дараалан хүрэл медаль хүртэж байлаа. Багийн нийт бүрэлдэхүүний 70-80 хувь шинэ залуу тамирчид байсан гэхэд хүрлийн төлөө БНХАУ-ын багт 3:7 -оор хожигдон 4-р байрт орж, чансаагаа 7-р байраас 4-лүү шилжүүлсэн гэдэг бол харьцангуй амжилттай оролцсоны илрэл гэж хувьдаа дүгнэж байна.
-Энэ тэмцээний онцлогийг юу гэж харж байна вэ?
- Бидний хувьд залуу тамирчдын ур чадвар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг харуулсан онцлог тэмцээн боллоо. 55 кг-ийн жинд “Нур-Султан 2019” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа маань дэлхийн аваргын нөгөө хэсэгт хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Ольга Хорошавцеваг, мөн нэг хэсэгт барилдсан АНУ-ын тамирчин, энэ жилийн дэлхийн аварга Жакарра Винчестерийг тус тус яллаа. Ердөө хоёр сар гаруйн өмнө Б.Болортуяа Жакарра Винчестерт 10:0 харьцаатайгаар ялагдаж байсан шүү дээ. Тамирчид маань ч өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо харж, урам зориг авлаа.
-Чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд Токио 2020 Олимпын наадмын 2 эрх аваад байгаа. Үүн дээр нэмээд хэдийг авах боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Нийт авах боломжтой 12 эрх бий. Түүнээс 1 төрөлд дунджаар 3-4 эрх гэж үзвэл 6-8 эрх нэмж авах боломжтой гэж төлөвлөж, бэлтгэл сургуулилтаа базааж байна. Ирэх оны 1-р сард УАШТ болно. Энэ тэмцээнээс түрүүлсэн тамирчид, 3-р сард болох Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Бидний хувьд Олимп руу чиглэсэн бэлтгэлдээ орчихсон явж байгаа. Маргаашаас буюу 11-р сарын 18-наас Японы шигшээ багтай хамтарсан бэлтгэлд гарах гэж байна. Хоёр орны БСШУС-ын яамдын гэрээний дагуу 3 дахь жилдээ Японы Яизү хоттой амжилттай хамтарч ажиллаж байна.
-Спортын салбар дахь эмэгтэй тамирчид бэлгийн дарамтад өртдөг нь ил боллоо гэх мэдээлэл саяхан нэлээд шуугиан тарилаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
- Мэдээж энэ бол маш эмзэг сэдэв. Үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, уриалгыг дэмжилгүй яах вэ. Харин Монголын сор болсон эмэгтэй тамирчдын зургийг нийтэлж, шигшээ багийн нэр хүндэд шууд халдаж буйд хувьдаа сэтгэл их эмзэглэсэн. Хөндөж байгаа сэдэв нь маш зөв боловч, арга барилын хувьд бага зэрэг учир дутагдалтай явдал болсон гэж бодож байгаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 4 )
Хятадад яаж ялагдав маш хүнд сэтгэгдэл төрсөн шүү
Энэ бүтэхгүй ээ ажилаа өгөөд наймаагаа хийгээ ч ээ шигшээ баг чиний наймааны газар биш шүү
Худлаа л том том юм яриад байх юм.Самуурай нартай хамтарсан бэлтгэл хийж яадын.Монголд хөдөө бэлтгэлд гарах боломж нөөц зөндөө бгаа.засгийн мөнгөөр ч тоглох юмаа.юм л бол гадаадад бэлтгэл хийнэ гэх юм.Болортуяагийн жинг одоо олимпийн жинд эрьтнээс тохируулах хэрэгтэй ш дээ.
48 76 кг явахгуй нь дээ Баттулгаа олимпод эрх аваад ч хэрэг байна уу. Болортуяаг 53 кг -д барилдуулахаар жингий нь эртхэн тохируулаач. жиндээ дасна гэж юм бий дээ