Жүдо: Шёохэй Оно, Хисаёши Харасава хоёр “Их Дуулга”-д барилдахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Энэ сарын 22-24-нд Японы Осака хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Токиод болдог байсан уламжлалт энэ тэмцээн ирэх жилийн олимпын наадмын бэлтгэл ажлын улмаас Осакад шилжээд байгаа билээ.  

Японы жүдо бөхийн холбооноос тус тэмцээнд зодоглох байсан хоёр шилдэг тамирчин нь гэмтлийн улмаас барилдахгүй болсон талаар мэдээллээ.

73 кг-ын жингийн Шёохэй Оно зүүн гарын долоовор хуруу, + 100 кг-ын Хисаёши Харасава зүүн хөлийн гэмтлээр Осакад зодоглож чадахгүй болжээ. Оногийн оронд Арата Тацүкава, Харасавагийн оронд Хёога Ота барилдах болсон байна.

Шёохэй Оно “Их Дуулга”-д түрүүлсэн тохиолдолд Японы 2020 оны Токиогийн олимпын шигшээ багт багтах нь баталгаатай болох байв. Гэвч Их Дуулгаас гадна 12 дугаар сард Хятадад болох “Мастерс” тэмцээнд ч оролцож чадахгүй болжээ. Ирэх жилийн хоёрдугаар сараас барилдаж эхлэх гэнэ.

Японы жүдо бөхийн холбооны мэдэгдэлд “Оно 10 дугаар сарын 25-нд бэлтгэл дээр гэмтсэн. Зургаан долоо хоног эмчлүүлэх оноштой. Харасава 10 дугаар сарын 3-нд зүүн хөлөө гэмтээсэн. Хоёр сар эмчлүүлнэ” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top