Манай улсад олимп, дэлхийн медальтнуудад сар бүр мөнгөн урамшуулал өгдөг болоод удаж байна. Харин ОХУ-ын Буриадад 2017 оноос эхлэн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа медалийн өнгөнөөс нь хамааран, 18-30 мянган рублийн урамшуулал өгдөг болсон юм.
Буриадад 1984 онд болсон “Найрамдал” тэмцээнийг олимпын наадамтай адилтган үзэх журмыг саяхан баталлаа. 1980 онд Москвад явагдсан олимпын наадмыг Барууны орнууд эсэргүүцэн, тамирчдаа илгээгүйн хариу болгож, 1984 онд Лос-Анжелес хотод болсон Зуны олимпын наадамд социалист лагерийн орнууд оролцоогүй билээ. Социалист орнууд олимпын оронд “Найрамдал 1984” тэмцээнийг ЗХУ, Болгар, Унгар, БНАГУ, БНАСАУ, Куба, Монгол, Польш, Чехословак улсуудад зохион байгуулсан юм.
“Найрамдал 1984” тэмцээний медальтнуудыг Буриадад олимпын медаль хүртсэн тамирчинтай адилтган үзэж, сар бүр урамшуулал олгохоор болжээ. Гэхдээ шинэ журам ганцхан тамирчинд хамаарсан. Надежда Мироманова бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд насан туршдаа Буриадын төсвөөс сар бүр 24 мянган рубль авах болжээ.
Буриадын харваач Ханда-Цырен Гомбожапова “Найрамдал 1984” тэмцээнд мөнгөн медаль авсан ч тэр үед Буриад биш Читагийн нэрийн өмнөөс оролцож байсан тул урамшуулалд хамрагдсангүй.
“Найрамдал 1984” тэмцээний самбо бөхийн төрөл Улаанбаатарт явагдаж байлаа. Манай улс 2 мөнгө, 5 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 17-д орсон. Боксын 60 кг-д Н.Энхбат, чөлөөт бөхийн 62 кг-ын жинд А.Энхээ мөнгө, чөлөөт бөхийн 68 кг-д Б.Болд, 74 кг-д Л.Энхбаяр, жүдо бөхийн 64 кг-д Г.Жамсран, 78 кг-д Д.Ганболд, 86 кг-д О.Балжинням нар хүрэл медаль хүртэж байв.
Сэтгэгдэл ( 0 )