Английн шигшээ баг, “Манчестер Юнайтед” багийн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм зодог тайлаад бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орсон билээ. Тэр эхнэрийн хамт “Footwork Productions” компани байгуулснаас гадна хөлбөмбөгчдийн эрх ашгийг хамгаалах “Footwork management” гэсэн байгууллагатай.
Одоо түүний зорилго өөрийн гэсэн супер хөлбөмбөгийн багтай болох. Дэвид хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ хамтран, “Интер Майами” гэдэг баг байгуулсан бөгөөд тус баг ирэх жил Хойд Америкийн MLS лигт хүч сорихоор болсон. Энэ багаа “Оддын цуглуулга” болгон хувиргахаар Дэвид мөнгө хайрлахгүй байгаа гэнэ. Ингээд ирэх жил гараагаа эхлэх “Интер Майами” багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Энд гарах тоглогчид Дэвидийн багтаа хэдийн авсан, эсвэл авахаар зэхэж байгаа хөлбөмбөгчид юм.
Хаалгач: Уго Льорис (Тоттенхэм Хотспур)
Найдвартай сайн хаалгач гэдэг ямар ч багт хэрэгтэй. Тэр тусмаа дөнгөж эхэлж байгаа шинэ багт бүр их шаардлагатай. Угог Дэвид эртнээс сонирхсон, Льорис өөрөө ч багаа солиход татгалзахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ наймаанд саад болох нэг зүйл байгаа нь Угогийн гэмтэл. Тэр хүнд гэмтлээс 2020 оны эхээр эргэн ирнэ. Харин MLS лигийн тоглолт гуравдугаар сард эхэлнэ. Формдоо ороход хангалттай хугацаа.
Хамгаалагч: Кристиан Макун (Интер Майами)
Ирээдүйтэй энэ залуу Дэвидийн анхны наймаануудын нэг. Венесуэлийн залуучуудын шигшээ багийн тоглогч Макун эх орондоо од. Нас залуу тул олон жил “Интер”-т хүчин зүтгэх боломжтой.
Хамгаалагч: Грант Лиллард (Интер Майами)
Мэргэжлийн түвшинд 19-хөн тоглосон түүнийг үндсэн бүрэлдэхүүнд гаргана гэдэг эргэлзээтэй.
Хамгаалагч: Маттиас Краневиттер (Зенит)
Хагас хамгаалалтад ч тоглож чадах тоглогч. Харамсалтай нь “Зенит”-ийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй тул наймааны зах зээлд нэр нь дурдагдсан. Одоогийн байдлаар хоёр баг наймааны үнэ, нөхцөлд санал тохиролцоогүй байгаа.
Хагас хамгаалагч: Себастьян Дриусси (Зенит)
“Зенит”-ийн бас нэгэн тоглогч. “Интер” энэ хоёр тоглогчийг хамтад нь 30 сая еврогоор авах санал тавьсан ч “Зенит” Себастьян Дриуссиг явуулахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ илүү үнэ хэлбэл мэдээж тохиролцоход бэлэн.
Хагас хамгаалагч: Хамес Родригес (Реал Мадрид)
2014 оны ДАШТ-д шуугиулснаасаа хойш Хамес өндөр түвшинд тоглож чадаагүй. АНУ явах нь түүний их мөнгөөр зарагдах бараг сүүлийн боломж юм.
Хагас хамгаалагч: Давид Сильва (Манчестер Сити)
Давид энэ улирлын сүүлээр “Манчестер Сити” багаа орхино гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэхдээ замналаа хаана үргэлжлүүлэхээ шийдээгүй байна. Испанид буцах, АНУ-д очих гэсэн хоёр сонголт байна. Бекхэм түүнийг авснаар Америкийн испани хэлт иргэдийн дунд багийнхаа нэр хүндийг өсгөх зорилготой.
Хагас хамгаалагч: Лука Модрич (Реал Мадрид)
Өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч энэ жил тун тааруухан тоглож байгаа. “Реал” нас ахисан түүнийг одоо л зарахгүй бол ирэх жилээс үнэд хүрэхгүй болно. Лукаг авахыг Бекхэм маш их хүсэж байгаа гэнэ.
Хагас хамгаалагч: Матиас Пеллегрини (Эстудиантес)
Пеллегрини “Интер” багийн түүхэн дэх анхны хөлбөмбөгч. Түүнийг найман сая еврогоор худалдан аваад лиг эхэлтэл хуучин багт нь зээлүүлсэн юм.
Довтлогч: Луис Суарес (Барселона)
Ирэх жилийн нэгдүгээр сард 33 нас хүрэх Суаресийн оронд “Барса” залуу тоглогч хайж байгаа. Харин Суарес өөрөө “Интер Майами”-д үнэгүй очих шаардлага тавьж байгаа мэдээ бий. “Интер” түүнд дөрвөн жилийн гэрээ санал болгох гэнэ.
Довтлогч: Эдинсон Кавани (ПСЖ)
Каванигийн гэрээ ирэх зун дуусна. Харин ПСЖ гэрээг нь сунгах бодолгүй байна. “Интер” баг довтолгоондоо уругвай хослолтой болохыг тун их хүсэж байгаа. Хэрэв тэд хамтдаа тоглох юм бол ямар ч багийн хамгаалалтыг цөм сэтлэх нь тодорхой.
“Интер Майами” одоогийн байдлаар Юлиан Карранса (довтлогч), Жей Чапмен (хагас хамгаалагч), Жорж Акоста (хагас хамгаалагч), Дэвид Норман (хагас хамгаалагч) гэсэн дөрвөн тоглогч худалдан аваад байгаа. Хэрэв дээр дурдсан Бекхэмийн “Мөрөөдлийн баг” биеллээ олох юм бол “Интер Майами” MLS лиг төдийгүй дэлхийд алдартай багуудын нэг болох нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 1 )
хэтэрхий олон харьж яваа оддын цуглуулга болж байгаа юм биш үү. ёстой л америкт л тоглох юм даа. түрүүлэх биш бизнест зориулсан баг болжээ.