Америкийн холимог тулаанч, Bellator”, “ONE” холбоодын аварга асан Бен Аскрен эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлснаа зарлалаа.
Энэ жил 35 настай Бен Аскрен нийт 22 тулалдаж, 19 ялж, хоёрхон ялагдсан тулаанч. Гэхдээ тэр сүүлийн хоёр тоглолтдоо ялагдсанаар холимог тулаанаа орхилоо.
Бен Аскрен “Bellator”, “ONE FC” холбоодын аварга болж байсан. Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д энэ жилийн гуравдугаар сард Деметриус Жонсоноор солигдон, сүр бараатай орж ирсэн ч амжилт гаргаж чадсангүй. Эхний тулаандаа Робби Лоулерийг ялсан ч дараа нь Хорхе Масвидальд таван секундэд хүнд цохилтоор, Демиан Майяд боолгон ялагдсан.
Тэрбээр “Би холимог тулаанаас явж байна. Үнэнийг хэлэхэд бүх спортоос зайлж байна. Төгсгөл нь бодож байснаар болоогүй ч ийм сайхан замнал олгосонд хувь заяандаа баярлаж байгаагаа хэлье. Би үнэхээр азтай хүн. Чөлөөт бөхөөр дунд сургууль, коллежид түрүүлж, олимпын шигшээ багт орж, олимпод оролцлоо. “Bellator”, “ONE” холбоонд аварга боллоо. UFC-д ч амжилттай байсан. 2019 он тааруу өнгөрлөө гээд миний өмнөх амжилтууд үгүй болчихгүй. Би спортоос бараг бүх зүйлийг авсан. Гэвч хамгийн чухал хоёр тулаанд ялагпдлаа. Олимпын аварга болох, дэлхийн хамгийн хүчтэй холимог тулаанч болох гээд чадсангүй. Гашуун туршлага болсон ч амьдрал сайхан шүү дээ” гэж тэр хэлсэн юм.
Аскрен эхлээд хагалгаанд орж, гэмтэл бэртлүүдээ эдгээх гэнэ. Дасгалжуулагчийн ажилд орох бодолгүй байгаагаа хэлж, Тайрон Вудлид хэрэгтэй бол барилдааны техник зааж болно гэсэн.
Сэтгэгдэл ( 0 )