Видео: Мьянмар – Монгол 1:0

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тав дахь тоглолтоо өчигдөр /2019.11.19/ Мьянмарын Мандалай хотын “Mandalar Thiri Stadium” цэнгэлдэхэд 17,468 үзэгчийнх өмнө хийлээ.

Мьянмарын шигшээ талбай дээрээ маш сайн тоглодог. Хүчирхэг Японд нутагтаа 0:2 ялагдсан ч тун сайн хамгаалсан бол хэдхэн хоногийн өмнө Тажикстаныг 4:3 ялж, урьдчилсан шатны анхны ялалтаа байгуулсан юм. Харин манай шигшээ Камбожид 1:1 тэнцээд Мьянмарыг зорьсон. Хоёр баг ижилхэн гурван оноотой тул хэн хэн нь хэсгийн сүүлд бичигдэхгүйн тулд бас өрсөлдөөн явагдсан. Мэдээж ялсан багийн хувьд 2023 оны Азийн АШТ-ий дараагийн шатанд шалгарах боломжтой.  

Мьянмарын баг гурав дараалан ялагдсаныхаа дараа шигшээ багийн дасгалжуулагч Миодраг Радуловичийг халж, хуучин  дасгалжуулагч Германы мэргэжилтэн Антуан Хейг буцаан авчирсан. Энэ нь тэдний хувьд зөв алхам болжээ. Хей 2018 оны Азийн Цомд амжилтгүй оролцоод халагдсан бол энэ удаад багийн тоглолтоо тогтворжуулж чадсан юм.

Тоглолт эхлээд Мьянмарын баг давамгайлж эхэлсэн. Энэ нь 17 дахь минутад гоол болсон. Хагас хамгаалагч Хлаинг Бо Бо торгуулийн талбайн гаднаас цохиж, бөмбөг орууллаа. Монголчууд тоог тэнцүүлэх гэж оролдсон ч чадсангүй, цаг дууссан. Мьянмар, Монголын шигшээ багууд дөрвөн удаа таарч тоглохдоо тус бүр хоёр хожилтой болж байгаа нь энэ юм.

Дараагийн тойрог 2020 онд болно. Гуравдугаар сарын 26-нд Мьянмар Японд зочлох бол манай багийг Тажикистанд хүнд тоглолт хүлээж байна.

Мьянмар 1:0 Монгол

Hlaing Bo Bo Goal 17'

Mьянмар: Kyaw Zin Htet, Zaw Min Tun, Kyaw Zin Lwin, Nyein Chan, David Htan, Yan Naing Oo, Myo Ko Tun (Tin Win Aung 65′), Hlaing Bo Bo, Suan Lam Mang, Aung Thu (Htet Aung Than 90+1′), Maung Maung Lwin (Than Paing 86′)

Mонгол: Ariunbold Batsaikhan, Turbat Daginaa, Amaraa Dulguun, Norjmoo Tsedenbal, Tsend-Ayuush Khürelbaatar, Bilguun Ganbold, Narmandakh Artag (Batmunkh Baljinnyam 76′), Ser-Od-Yanjiv Gankhuyag (Oyunbaataryn Mijiddorj 57′), Davaajav Battur, Nyam-Osor Naranbold, Enkhbileg Purevdorj (Tögsbileg Batbold 80′)

Манай хэсгийн нөгөө тоглолт Бишкект болж, Киргизийн баг Тажикистаны шигшээтэй 1:1 тэнцлээ. F хэсэгт Японы баг 12 оноотой тэргүүлж, Киргиз, Тажикистан тус бүр 7 оноотой нэхэж явна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top