Хуучнаар Зэлтэрийн САА, одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдаж, шагналаа хүлээн авлаа.
Энэ нь атар газар эзэмшсэний 60 жилийн ойн аймгийн анхны төрийн дээд шагнал болж байна. Түшиг сумынхан Сэлэнгэ аймгийн 17 сумаасаа анхны "Алтан гадас" одонт сум боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа зарлигийг уншиж танилцуулан Түшиг сумын хүндэтгэлийн туганд “Алтан гадас” одонг зүүж өглөө.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, нам төрийн ахмад зүтгэлтэн Д.Бадарч болон Түшиг сумын ард иргэд, тариаланчид, хүүхэд залуучууд оролцлоо.
МАХН-ын Төв хорооны 1959 оны гуравдугаар бүгд хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, атар газар эзэмших зорилт дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарийн Зөвлөлийн 1959 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 156-р тогтоолоор Зэлтэрийн Сангийн аж ахуй байгуулагдсан байна.
Анх 35 трактор, долоон машин, хоёр сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )