Дарханчууд 2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосон. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Шатрын холбоо, Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан, шатрын спортын нэгдүгээр зэрэгтэй ахмад шатарчин Б.Цэдэвтэй хамтран өчигдөр 2019.11.27/ Аймгийн гэр бүлийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Залуучууд театрт зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцсон юм.
Анх 1989 онд Монгол Улсад Шатарчин гэр бүлийг шалгаруулж байсан бол 1990 онд Дархан-Уул аймагт зохион байгуулж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл шатарчин гэр бүлийг шалгаруулах тэмцээн зохиогдоогүй ажээ. Тиймээс Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд энэхүү тэмцээнийг дахин санаачилж байгаа нь энэ юм. Тус тэмцээнд найман өрхийн 30 гаруй иргэд оролцож оюунаараа өрсөлдсөн юм.
Тэмцээний гол зорилго нь Дархан-Уул аймгийн иргэдийг Гэр бүлээрээ шатрын спортоор хичээллэх, өрх бүр гэр бүлээрээ чөлөөт цагаа шатрын спортоор хичээллэж оюунлаг өнгөрүүлэх, Улсын болон тив дэлхийн аварга шатарчин гэр бүл төрөн гарах, цаашид уламжлал болгох зохион явуулахад оршжээ. Гэр бүлээрээ оролцох боломжтой энэхүү тэмцээн Монголын шатрын холбооны дүрмээр явагджээ.
Сэтгэгдэл ( 0 )