Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн гавьяаны одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга:
Эрхэм офицер, ахлагчид аа,
Үе үеийн ахмадууд аа,
Зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе.
1935 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ. Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ. Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.
Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан, Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг” гэлээ.
Эх сурвалж: ЕТГ
Сэтгэгдэл ( 0 )