“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага”-ыг шалгаруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. 2019 оныг НҮБ-аас гишүүн орнууддаа “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан дагуу өнөөдөр /2019.12.03/ Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгт аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

Энэ үеэр Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага”-ыг шалгаруулж шагнасан юм. Өнөө жил энэхүү уралдаанд төр хувийн хэвшлийн 17 байгууллага материал ирүүлснээс Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Оргил худалдааны төв шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тулгамдаж буй асуудлыг тэдний оролцоотойгоор шийдвэрлэх, эрхийг бодит болгох, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран нийгмийн харилцаанд тэгш оролцох оролцоог хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, хөгжлийг дэмжихэд төр төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Дархан-Уул аймгийн ЗДТГ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top