Их Британийн Cosmopolitan сэтгүүлийн нүүрийг эрэгтэй хүн чимнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04


Олон улсын эмэгтэйчүүдийн “Cosmopolitan” сэтгүүлийн Британийн хувилбарын 2020 оны нэгдүгээр сарын дугаарын нүүрийг эрэгтэй хүн чимнэ.

Дуучин Бой Жорж 1984 онд нүүрэнд нь "заларч" байсан тус сэтгүүл сүүлийн 35 жилд анх удаа ийм алхам хийж байна.

Шинэ оны шинэ дугаарт АНУ-ын үсчин, телевизийн хөтлөгч, “Netflix” интернэт сүлжээгээр цацдаг “Queer Eye” реалити шоуны од, 32 настай Жонатан Ван Несс оржээ. Тэрбээр Кристиан Сирианогийн тоорын өнгөтэй гоёмсог даашинз, Nike пүүзтэй зургаа авахуулжээ.

“Ван Несс манай сэтгүүлийг олон янзын уншигчид уншдаг болохыг илтгэж байна. Жонатан бол хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, зоригтой хүн. Түүний энэ чанар манай уншигчдад таалагддаг” хэмээн “Cosmopolitan UK” сэтгүүлийн ерөнхий редактор Клэр Хожсон ярьжээ. Жонатан өөрөөрөө байдаг бөгөөд бусдыг мөн ийм байхыг уриалдаг тул тус сэтгүүлийн редакц түүнийг сонгосон гэж Хожсон онцолсон байна.

Жонатан Ван Несс бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай тухай олон нийтэд зарлаж байсан бөгөөд олон жилийн турш тэрбээр ХДХВ, арьсны өвчинтэй тэмцэж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top