Пеп Гуардиола Монголд “ЗОЧИЛНО”

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Ц.Энхтүвшин

Орчин үеийн хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, хамгийн нэр хүндтэй дасгалжуулагчийн нэг, Испанийн “Барселона”, Германы “ Бавари” гээд аугаа багуудыг удирдаж явсан, өдгөө Английн “Манчестер Сити” багийн “босс” , Испанийн цуутай хөлбөмбөгч, суутай дасгалжуулагч Хосеп “Пеп” Гуардиола тун удахгүй Монголд “зочилж”, хөлбөмбөг сонирхогчдын магнайг тэнийлгэх нь ээ. Нэрт дасгалжуулагч энэ удаа манай хөлбөмбөгийн хорхойтнуудтай номын хуудсаар “уулзана”.
 


Пепийн намтрын “Ялалтад хүрэх өөр зам” номыг спортын сэтгүүлч, орчуулагч Ганзоригийн Баярсайхан монгол хэлнээ хөрвүүлэн, хэвлүүлж уншигч авхай нарт хүргэхэд бэлэн болжээ.

Манай сонин уламжлалт “ТАВАН ЦАГАРИГ-Номын сан” булангаараа уг бестселлер номын хэсгээс цувралаар хүргэж байна. Таалан соёрхоно уу!

ПЕП ГУАРДИОЛА – ЯЛАХ ӨӨР АРГА

Орчуулсан Ганзоригийн Баярсайхан

1-БҮЛЭГ: ТЭР ЯАГААД ЯВСАН БЭ?

2011 оны 11 сар. Пеп Гуардиолагийн дөрөв дэх жил. Сан Сирод АС Милантай хийх Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын өмнөх сүүлийн бэлтгэлийн дараа Пеп тоглогчдоо тойрог болгон зогсоов. Клубын удирдлага, эмч нараас өөр хэн ч мэдээгүй нэгэн нууцыг дэлгэх цаг нь болжээ. Юу гэж хэлэхээ цэгнэх мэт Пеп хэсэг зуур духаа үрчийлгэн бодолсхийлснээ амаа нээсэн боловч нэг ч үг сонсогдсонгүй. Түүний хоолой цахирдан чичирч байлаа. Түгшүүр, зовнилд автан Пепийн ийнхүү тулгамдан мэгдэж байхыг тоглогчид нь үүнээс өмнө огт харж байсангүй. Бүгд балмагдсан байлаа. Хоолойгоо жишлэхээр хажуу дахь устай сав руу гараа явуулахдаа ч гэсэн тэрээр чичирч байгаагаа нууж чадсангүй. Түүний яриаг эмч нар нь үргэлжлүүлж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тоглогчдод тайлбарлаж өглөө. Энэ хооронд Пеп хөшсөн мэт газар ширтэн хөдөлгөөн огт хийсэнгүй. Түүний туслах менежер, дотны анд Тито Виланова яаралтай хагалгаанд орох болсон байлаа. Найзынхаа шүлсний булчирхайн хавдартай болсон гэдгийг тэрээр мэдэж байсан боловч ингэж гэнэт бие нь муудна гэж огт төсөөлөөгүй ажээ. Тэр шоконд орсон байв. Тоглогчид ч ялгаагүй. Гэхдээ Пеп хэн хүнээс илүүтэй хүнд цохилтонд орж балмагдсан нь илт байв. Итали орох нислэгийн турш тэрээр бодолд дарагдан дүнсийгээд хэнтэй ч юу ч ярьсангүй. Тоглолтонд Барса 3:2-оор илүүрхсэн. Группийн лидерийг шийдэх хариуцлага өндөртэй учраанд аль аль баг нь хойш сууж хашигналгүй хамаг байдгаа гаргаж, үзэгч дэмжигчдийг хором ч уйдаагаагүй юм. Кевин-Принс Боатенгийн техниктэй гоол тэнд цугласан бүгдийг уулга алдуулсан бол эцсийн цэгийг нь Шави тавьж багаа хасагдах шат руу хөтөлсөн. Үнэ цэнэтэй чухал хожлын дараа бүгд баяр хөөртэй, сэтгэл өег байцгаав. Харин Пеп л ганцаараа өглөөнийх шигээ үг дуу цөөтэйхэн бодлогоширч, зовнилдоо зовиурлан шаналсан хэвээр байлаа.

Чамайг амьдралаа төлөвлөөд завгүй байхад чинь жинхэнэ амьдрал алганы чинь завсраар урсан оддог гэсэн үг бий. Амжилтандаа хэт эрдэж, алдаж эндэж бүдрэх нь тоглоомын нэг хэсэг гэдгийг умартаж эхлэхэд чинь амьдрал бас чамайг унагаж, ухаан суулгахаа мэднэ. Найзынх нь өвчин Пепийн харах өнцгийг өөрчилж, өөртөө үнэлэлт дүгнэлт хийхэд хүргэсэн. Өмнөх улиралд нь Эрик Абидалийг элэгний хавдартай болсныг дуулаад тэр мөн ийм цочролд орж байсан юм. Хагалгаа нь амжилттай болсноос хоёр сарын хойно Франц тоглогч талбайдаа эргэн ирж Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтонд оролцсон. 90 дэх минутад түүнийг Карлос Пуйолиор сэлгэгдэн талбайд орж ирэхэд Камп Ноу даяараа босон алга ташиж хүндэтгэл үзүүлсэн юм. Англичуудтай адил сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хянуур болгоомжтой ханддаг, журам ёсонд дэгтэй Каталончуудын хувьд энэ бол онцгой тохиолдол. Пеп хүртэл эл үйл явдлыг Камп Ноуд үзсэн хамгийн сэтгэл долгилом мартагдашгүй мөчийнхээ нэг хэмээн онцолсон байдаг. Реал Мадридыг ийн сөгдүүлснээс гурван долоо хоногийн дараа Эрик Аваргуудын лигийн финалд оролцож ахлагчийн туузтайгаар шагналын тавцанд гишгэсэн нь Барсагийн зүгээс түүнд үзүүлсэн ээлжит нэгэн хүндэтгэл байлаа. Пуйоль түүнд энэ үүргээ шилжүүлнэ гэдгээ аль эрт тоглолт эхлэхийн өмнө шийдчихээд хэнд ч хэлэлгүй хав дарсан байдаг. Бүр Пепт ч хэлээгүй. Харамсалтай нь Абидалийн биеийн байдал жилийн дараа ахин доройтож, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон юм.

Ойр дотно, эрхэм хүмүүст нь тохиолдсон эдгээр дараалсан золгүй явдлууд Пепт хүндээр тусаж сэтгэл санааг нь хямруулсан. Түүнд хийж чадах зүйл байсангүй. Хамтран зүтгэгч, хань нөхдийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байхад хүлээгээд, залбирахаас өөр юу ч хийж чадахгүй арга барагдан үймэрч тарчилна гэдэг түүний хувьд хамгийн аймшигтай хар дарсан зүүд байлаа.

Тамын тарчлалаас ч дорд үзнэ. Тоглолтын үйл явц өрнөл бүрийг хяналтандаа байлгаж, үүсэж болох өнцөг хазайж болох хувилбар болгоныг дотроо таамаглан тооцоолж хариу нүүдлийг нь хэд хоногийн өмнө бодчихсон байдаг түүн шиг бүхнийг төлөвлөдөг хянуур болгоомжтой хүнд ийм гэнэтийн нөхцөл байдал хэчнээн горь тасрам бэрх байх нь тодорхой.

Апеннины хойгоос буцаж ирснийхээ дараа Барса Хетафегийн талбайд зочилсон. Титогийн хагалгаа энэ хооронд амжилттай болж бие нь тэнхэрч эхэлж байсан тул бас нэгэн хожлоор түүнд бэлэг барихыг багийнхан нь хүсэж байлаа. Гэвч тэгж чадаагүй. Тоглолтын турш илүүрхсэн атлаа тор хөдөлгөж чадалгүй байсаар 1:0-ээр дийлдсэн юм. Өмнөх өдөр нь Реал Мадрид дербигээ 4:1-ээр бут ниргээд байсан тул Барсагийн бүдрэлт тэдэнд хүснэгтийн тэргүүллээ зургаан оноо болгон сунгах боломж олгосон. Энэ нь тэдний лигийн ес дэх дараалсан ялалт байсан агаад цаашдаа ч эрчимээ сулруулалгүй урагшилж, гурван улирал дамнасан Гуардиолагийн эринд цэг тавихын түүс болон улайрч байв. Гол өрсөлдөгчдийнх нь зүрхэнд өдөр өдрөөр өсөн дүрэлзэж буй амжилт ялалтаар ангасан өлсгөлөн дайчин энэ хандлага өөрийнх нь багаас хором хормоор холдон одож, урам зориг нь унтарч буйг Пеп гадарлаж, айсуй аюул дундаас хамгийн их хор хөнөөлтэй нь гэдгийг ухамсарлаж байлаа. Өөрөө ч гэсэн тэр өмнөх шигээ байхаа больсон гэдгээ сэтгэлийнхээ гүнд мэдэрч байсан хэрэг. Хавирга нэвтлэм хүйтэн салхитай тэр нэгэн жихүүн үдэш Хетафегийн талбайд амссан гашуун ялагдал ч энэ бүхний зах сэжүүрийг Барсагийнханд сануулж, алсад дуулдах аюулын харанганы эхний цуурай болон сонсогдсон юм. Баг нь хожигдсоны дараа бага зэрэг гундуу гунигтай байх нь дасгалжуулагчийн хувьд байж болох асуудал ч гэсэн гурван онооноос илүү гүн, ноцтой зүйл Пепийн сэтгэлийн сэмлэн зовоож буйг хамтран зүтгэгчид нь мэдэж байлаа. Тиймээс нутаг буцах нислэгийн үеэр хэн ч түүний хажууд буй хоосонд суудалд сууж зүрхлээгүй юм. Тэр бол Титогийн орон зай.

30 жилийн тэртээ Ла Масиагаас хамтдаа эхлүүлсэн уртын урт аяныхаа турш тэд хэцүү бэрхийг хамтдаа хатуужин туулж, суралцаж, төлөвшиж, торниж, өсөн дэвжсээр өдий зэрэгт хүрэхдээ хэн хэнийхээ мөрийг түшэн тус дэм болж, алдсан нэгэндээ зөвлөж, мартсан нэгэндээ сануулж, буруутсан нэгнээ чиглүүлэн засаж цаг хугацаанд шалгагдсан үнэнч нөхдийн ёсоор дотор нь ороод гарсан мэт мэдэх андыгаа дотночлон хүндэтгэсээр ирсэн. Харин одоо тэр найз нь Пепийн дэргэд алга. Ханхай хоосон суудал л байна. Ганцхан сул суудалтай тэр онгоцонд Пеп хэнийг ч үл хайхран хажуу дахь ханаа гөлөрч, огт өөр ертөнцөд байгаа мэт орчин тойрноосоо бүрэн тусгаарлагдан дуугаа хураасан байлаа. Багийнхан нь бүгд түүнд санаа зовниж байв. Өмнө ямар ч том ялагдал, бүтэлгүйтэл, уналт, саад тотгор Пепийн сэтгэл санааг итгэтэл нь сульдуулж байгаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top