Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өчигдрөөс /2019.12.05/ эхэллээ. Наадам ирэх нэгдүгээр сарын 5-нд болно.
37 дахь удаагаа зохион байгуулах гэж буйнаадмын бүтээлийг энэ сарын 27-ныг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж. Түүнчлэн бүртгэлийн хураамжид 4000 төгрөг төлөх бөгөөд шүлгийг э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид мэдэгдэв. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.
Сүүлийн жилүүдэд орон нутагт "зочлох" болсон "Болор цом" наадам энэ удаа Багануур дүүрэгт болох аж.
2020 онд Багануур дүүргийн 40 жилийн ой тохиох учир ийнхүү өөрийн нутагтаа буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ ажиллана.
Сануулахад, өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт болсон "Болор цом-36" наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тэргүүн байр эзэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )