Д.Дамдинжав: “Болор цом” ёроолдоо ч БУЛИНГАРТАЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 40 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-нд /2022.11.24/ Соёлын төв өргөөнд болно.

Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй энэ удаагийн “Болор цом 40” яруу найргийн наадмын II шатанд 40 яруу найрагч уран үгсээ уншиж танилцуулах юм.

Энэ удаагийн "Болор цом"-ын өмнөхөн буюу өнөөдөр /2022.11.22/ “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч, "Алтан Өд" шагналтан Д.Дамдинжав өөрийн цахим хуудсандаа наадмын талаарх сэтгэгдлээ ийнхүү бичжээ.


“БОЛОР ЦОМ” ЁРООЛДОО Ч БУЛИНГАРТАЙ

Болор цом” гэх жүжгийнхээ найруулгыг ядаж сайжруулмаар байна аа. Өнгөрсөн жил ямар янзын булхай болж, түмний нүдэн дээр яаж булай болсноосоо сургамж ядаж авмаар байна, МЗЭ. Анхнаасаа түрүүлүүлэхээр тохирчихсон байсных нь дундуур Тө гэж нэг битүү морь давхиж орж ирээд, наадам “будлиулах” шахсан юм билээ шүү дээ. Зохиолчид бүгд мэдэж байвч дуугардаггүй, хэлдэггүйг нь би ихэд гайхдаг юм.

Уг нь энэ жил урьд хожид байгаагүй шударга болно гэж зохион байгуулагчид нь амлаж буй. Тэгэвч хэрүүл зарга тасрахгүй байна. Жил жилд л ийм байдаг даа. Дургүй хүнээ эхний шатнаас нь хасч орхидог, тэнд шүлэг биш өөр шалгуур үйлчилдэг гэх хардлага бий.

Тэр эхний харанхуй шатанд хэчнээн сайн шүлэг хасагдаж, яг тайзан дээр ямархан ядруухан шүлэг уншигдаж байгааг бид мэдэхгүй. Энэ жилийн хувьд үнэхээр тийм чансаатай шүлгүүд шалгарсан эсэхийг мэдэхийг хүсээд МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Минжинсайханаас “Ямар шүлгүүд шалгарсныг уншиж болох уу?” гэж асуулаа. Тэгсэн чинь “Тийм боломжгүй. Наад хүсэлтээ Гүйцэтгэх захиралд тавь” гэнэ.

Тэр даруй О.Энхжавхлан эгч рүү хандаж үзлээ. “Өгч болохгүй ээ. Бүгдийг нь архивлаад хадгалдаг. Зөвхөн судлал, шүүмжлэлийн үндэсний төвийнхөн судалгаа хийхээр авдаг” гэсэн хариу өгөв. Би гайхлаа. Нэгэнт шалгарчихсан шүлгүүдийг яагаад хүмүүст харуулж, нийтэд дэлгэж болдоггүй юм бол гэж...

Үнэхээр тийм шударга шүүсэндээ итгэлтэй байгаа бол шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан шүлгүүдийг олон нийтэд ил тавих хэрэгтэй шүү дээ. Бүхэл бүтэн 7 шүүгч шалгаруулсан шүлгүүд юм чинь нэр баастахгүй, үнэхээр л шидээвэр сайн шүлгүүд байх байлгүй дээ.

Харамсалтай нь, тийм биш бололтой. Тэгж дэлгэж чадахгүй байгааг хийсэн шүүлтдээ итгэлтэй бус байгаагийн л шинж гэж харж байна. Угаасаа 220 гаруй шүлгийг 2-хон хоногт шүүгээд 25-ыг нь шалгаруулчихна гэдэг жигтэй хэрэг л дээ.

Ядаж шалгаруулсан шүлгүүдээ нийтэд ил дэлгэдэг болчихвол хэл ам багасна. Олон нийт “Болор цом”-ын шүүлтэд итгэж эхэлнэ. Өөрийн шүлгийг үнэхээр сайн атлаа хасагдчихлаа гэж бодож байгаа яруу найрагчид харьцуулаад харчихна. “Үнэхээр маргаангүй юм байна аа” гээд амаа хамхина шүү дээ.

Энэ бол “Болор цом”-ын тухайд нэг л санал. Илүү олныг хожим өгүүлье...

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.112) 2022 оны 11 сарын 25

Энэ удаагийн Болор цом-40 наадам шиг шударга шүүлттэй сайхан цэнгүүнийг сүүлийн арваад жил харсангүй. Ард олны итгэлийн гал сэргэж сэтгэл оюуныг баясгасан сайхан наадам боллоо.

0  |  0
Уншигч(59.153.114.228) 2022 оны 11 сарын 23

Он оны шүлгүүдээр нь түүвэр, цуврал ном хийгээд худалдаанд гаргачихмаар юм биш үү, эцсийн дүнг ард түмэн л гаргана шд. Сонирхолтой байх ч билүү

0  |  0
Top