Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
2016 он. "Болор цом-34" наадмын Тэргүүн шүлэг: Яруу найрагч Б.БАТСАЙХАН
ТЭР ЭМЭГТЭЙ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг ЭЭЖ гэдэг
Сэтгэгдэл ( 0 )