"Глобал удирдагч" сургууль хууль зөрчин элсэлт авсан хэргийг прокурорт шилжүүллээ

2019 оны 12 сарын 06

"Глобал удирдагч" дээд сургууль нь “Хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчлийн шинжтэй гомдолд НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. 

Шалгалтаао "Глобал удирдагч" дээд сургууль Эм зүйн мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө 2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, сургалт зохион байгуулсныг илрүүлсэн байна. Онлайн сургалтад 50 гаруй иргэн хамрагдаж, сургуулийн дансанд 2.500.000 төгрөгийг тушаасан ба энэ мөнгө БСШУСЯ-ны “Боловсролын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байжээ.

Тэдгээр иргэдээс 30 иргэнд гурван хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр” нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэгэн ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг “Эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харъяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ.

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top