Хар Баасан: Итали сонины гарчиг арьс өнгөөр ялгаварласан уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Италийн хөлбөмбөгт ээлжит нэгэн шуугиан гарлаа. Энэ шуугианыг тамирчид, хөгжөөн дэмжигчид биш хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргасан юм. “Corriere dello Sport” сонины ганц нийтлэлийн гарчиг улс орон даяар маргаан тариад байна.

Маргааш /2019.12.07/ Миланд Италийн хөлбөмбөгийн лигийн 15 дугаар тойргийн “Интер”-“Рома” багуудын тоглолт болно. “Corriere dello Sport” энэ тоглолтын талаарх таамаглалыг дэвшүүлсэн нийтлэлээ “Интер”-ийн довтлогч Ромелу Лукаку, “Рома”-гийн хамгаалагч  Крис Смоллинг нарын зурагтайгаар “Хар Баасан гараг” гэсэн гарчигтай хэвлүүлжээ.

Сэтгүүлчид уламжлалт Зул сарын баярын хямдралтай тус тоглолтыг холбон хошигнох гэж оролдсон ч Италид тоглоомыг нь хүлээж авсангүй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгаад байна.
 


Энэ гарчгийг тус сонины Ерөнхий редактор Иван Цаццарони бодож олсон нь тодорхой болжээ. Энэ эрхэм өмнө нь өөрт нь итгэн хүнд өвчтэй гэдгээ нууцлан ярьсан “Болонья” багийн дасгалжуулагч Синиша Михайловичийг маргааш нь улс орон даяар "Эдгэршгүй өвчтэй" хэмээн зарлаж байсан хүн юм.

Лукаку энэ талаар “Хоёр том багийн тулаанд гол анхаарлаа хандуулах ёстой байлаа. Энэ гарчиг миний амьдралдаа харсан хамгийн тэнэг гарчиг. Хүмүүжилтэй хүн ийм зүйл ярьдаггүй. “Corriere dello Sport”-ийн хамт олон хүмүүжлээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

“Интер”, “Рома” багууд тус сониныг шүүмжилж, “Corriere dello Sport” сонины сэтгүүлчдийг 2019 он дуустал бэлтгэлийн бааздаа оруулахгүй байх, энэ хугацаанд хоёр багийн тоглогчид тус сонинд ярилцлага өгөхгүй байх шийдвэр гаргалаа.

Харин хэргийн гол эзэн Цаццарони “Энэ гарчигт ямар ч арьс өнгөөр ялгаварласан зүйл алга. Би сүүлийн 40 жилд ийм гарчиг маш олон өгсөн. Яагаад би та нарт тайлбар тавих ёстой гэж? Лукаку, Смоллинг хоёр хоёулаа “Манчестер Юнайтед” багт тоглож байсан агуу тоглогчид. Италид одоо хаа сайгүй хямдрал болж байна. Яагаад холбож болохгүй гэж. Арьс өнгөний үзэлтэй тэмцмээр байгаа бол гарчигтай биш өөр зүйлтэй тэмц” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Ital gedeg uls zadrana gej vanga

0  |  0
Top