Өмнөговийн 70,000 иргэний эрх ашиг хөндөгдөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

-ӨМНӨГОВЬЧУУД “ЦАГААНДЭЛ УУЛ БООМТ ХӨГЖИЛ БУС ГАМШИГ ДАГУУЛНА” ХЭМЭЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-

Юм олдвол өлддөг. Өмнөговь аймгийн газар нутгийг уул уурхай бүрхсэний уршгаар тэр чигтээ сүйдсэнтэй адил хилийн боомт дагасан сөрөг үр дагавар багадаагүй. Бидний хамгийн сайн мэдэх Гашуунсухайт-Цагаанхадны боомт байнгын ажиллагаатай болсноос хойш Цогтцэций сумаас урд хил хүртэлх 250 км газар нутаг үндсэндээ сүйдсэн. Малчид тоосжилтоос шалтгаалан төрсөн нутгаасаа дайжсан. Яг боомтын орчинд бол хүн мал амьсгалахын аргагүй “нүүрсний хар хөндий” шүү дээ. Шивээхүрэнгийн боомт арай дөнгүүр гэгддэг боловч ховор амьтны өлгий нутаг үзэсгэлэнт Тост, Тосон бумбын нуруу, Ази тивд ганцхан орших буйлсын шугуй, их говийн заган ой, тооройн төгөл уул уурхайн дам нөлөөнд сүйдсэн билээ. Товчхондоо бол өнөөгийн өмнөговьчууд өвөг дээдсээсээ өвлөсөн өвөлжөөгөө нүүрсний хүнд машинууд талхлахыг харж суугаа, тийм л азгүй үеийнхэн. Тэгвэл Өмнөговь аймагт гурав дахь нүүрсний амаа нээхээр Хятадын талаас юань цутгаж эхлээд байгаа. Энэ бол Цагаандэл уул боомт, түүнийг дагасан бүтээн байгуулалт нэртэй мөнгө угаалт.

Өмнөговь аймгийн гурван сумын нутгийг дамнасан 270 км замаар нүүрс тээвэрлэн тус боомтод хүргэхээр зорьж байгаа. Харин замыг зурагласан концесс эзэмшигч нь нөгөө л төрийн толгойд гарсан бизнесийн бүлэглэлтэй холбогдож байна. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний замаас салаалсан  Цагаандэл уул хилийн боомт хүртэлх 270 км замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” эрхийг ямар нэг өрсөлдөгчгүйгээр 2017 онд байгуулагдсан “Ундрах говь” нэртэй компани өнгөрсөн оны аравдугаар сард авсан байдаг. Улмаар арванхоёрдугаар сард нь  “Ундрах говь” компанийн захирал Н.Батсуурь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай концессын гэрээгээ үзэглэжээ. Мөнгөн дүнгээрээ 258 сая гаруй ам.доллар буюу ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. Ийм давуу эрх эдэлсэн “Ундрах говь”-ийн хувьцааг Монголын хоёр томоохон компани эзэмшдэг. Нэг нь “Голомт банк”-ны толгой компани болох  “Бодь интернэшнл”, нөгөө нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монзол” гэх компани юм байна. “Бодь интернэшнл”-ийн эзэн “Голомт”-ын Д.Баясгалан гэхээр хэний ашиг сонирхол шингэсэн нь шууд ойлгогдож байгаа байх. Зорилго нь ч тодорхой. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар боомт нээх нэрийдлээр Монгол төдийгүй дэлхийн эрдэмтдийг гайхшруулан онгон зэлүүд үлдэж чадсан говийг ухаж төнхөх санаа агуулж байгаа нь тодорхой. Энэ замыг дагасан найман лицензийн эзэд шинэ боомт нээгдмэгц ордоо ухахаар хүлээж суугааг нутгийн малчид бүгд гэрчилж байна. Дээрх 270 км уул уурхайн зам Өмнөговийн Ханхонгор, Номгон сумын нутгийг дайран өнгөрөх бөгөөд дийлэнх нь Цагаандэл уул боомт байрлах Хүрмэн сумаар дайрна. Хүрмэн сумын өмнөд говь нутаг алслагдсан цөл мэт боловч нэн ховор 33 зүйлийн хөхтөн амьтан амьдардаг, гайхамшигт зүй тогтол бүхий ховор мод ургамлын хүлэмж гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоочихсон. Олон улсын судлаачдын баг энэ бүс нутгийг дэлхий дээрх хамгийн сүүлийн хөндөгдөөгүй говь гэж тэмдэглэсэн талаар “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Х.Түмэндэлгэр зүгээр ч нэг яриагүй. Тэрбээр “Цагаандэлийн боомтыг анх аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх гэж буйг сонсоод дэмжин, сонирхож байсан ч алсдаа ашигт малтмал зөөх гэж буйг мэдээд харамссан. Одоо ан амьтан, сухай, тоорой мод, эмийн ургамал цөм байдаг амар амгалан тал нутгийг нүүрсний замаар талхлах гэж байна” хэмээн аюулын харанга дэлдээд буйг анхааруулсан.

Түүнтэй Ханхонгор, Хүрмэн болон Номгон сумын иргэд 100 хувь санал нийлж буйгаа илэрхийлж ирсэн. Цаашлаад өмнийн говийн 70 мянган иргэний эрх ашиг энд хөндөгдөнө. Өмнөговьчуудын зүгээс маш энгийн шаардлага тавьж байгаа. Тэр бол Цагаандэл боомтыг дэмжигчдийн санал болгож буй ажлын байр, ам.доллар бус монгол хүн газар нутагтаа л эзэн байя гэсэн санаа.  Ердөө одоо 24 цаг тасралтгүй нүүрс зөөж буй хоёр боомтынхоо үр ашгийг хүртэх. Мөн төрийн нэрээр мөнгө төгрөг сарвайсан болгонд эзэмшүүлсэн газар нутгаа эргүүлж авах, өнгөрсөн хугацаанд сүйтгүүлсэн газар нутгаа нөхөн сэргээлгэх шаардлага. Үүгээрээ Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг ашиглалтад орж байхад, яг одоогийнх шиг ажлын байраар дамжсан амьжиргаа, байгаль экологийн тэнцвэрт байдал амлаж байсныг өмнөговийнхон өнөөдөр төр засагт сануулж байгаа. Гэтэл төрсөн нутаг нь малаа хариулж яваа хүн төөрөх хэмжээний олон салаалсан шороон зам, мал битгий хэл амьд организм тэвчиж үлдэхээргүй нүүрсээр амьсгалсан хар хөндий л болсон. Малчид нь малаа бэлчээх газаргүй, иргэд нь уух усгүй, нүүрсний тоосонцроор амьсгалж эрүүл эрхтэнгүй шахам болсон хүн ард л байна. Өмнөговийнхонд үлдсэн зүйл энэ бол баялагт нь гаднынхан эзэн суусан. Лав л Хүрмэн сумын нутаг дахь уурхайнууд бараг бүгдээрээ хятадуудын мэдэлд орсон гэж байна. Харин Хүрмэн сумынхан өөрсдөө Их эзэн Чингис хааны алтан ургийн Батмөнх даян цэцэн хааны үр хойч хэмээн сайрхдаг юм билээ. Тэгвэл их хааны хойч уул уурхайн зам дагасан там, гамшгийн айдастай суугаа нь даанч харамсалтай. Тус сумын Засаг дарга Б.Ганболд Цагаандэлийн шинэ боомт нээх асуудал 2006 оноос яригдаж, 2010 оноос эрчимжиж байснаа намжсан ч энэ 2019 оноос дахин сэргэснээр уул уурхай олборлолт эрчимжих шинжтэй болсныг гэрчилжээ.

Ийнхүү улс төр бизнесийн бүлэглэлийнхний хар мөртэй гар байгаль орчин сүйдэлдэг арга техникээ хэрэгжүүлж эхлээд байгаа бол тэднийг  эсэргүүцэн Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдын олон мянган малчин нэгдэн гарын үсэг зуран аймгийн удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ. Тэдний төлөөлөл болох "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ынхны мэдээлснээр  Өмнөговь аймгийн ИТХ-аас  ажлын хэсэг байгуулан Цагаандэлийн боомтыг байгуулах шаардлагатай эсэхийг дахин нягтлахаар болсон талаар эерэг мэдээ байна. Дашрамд дурдахад, хэдийгээр Хятад Монгол нийлсэн томоохон ашиг сонирхол байгаа ч Монгол Улсын дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Элсэн орсон гэрээ, конвенцуудаараа дэлхийг хэрэн нүүдэллэж байдаг ан амьтан, жигүүртнүүдийг хамгаалах олон улсын  гэрээ, конвенцуудад бүгдэд Монгол Улс элсчихсэн шүү дээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.78) 2019 оны 12 сарын 08

Aalznii tor shig zam

0  |  0
Зочин(64.119.20.70) 2019 оны 12 сарын 07

Өмнөговиинхөн уурхайхныг их дэмждэг хөрангө оруулалт их аймаг хөгжиж байна гээд л их хөгжсөн их баяжсан байх алт ч ихтэй одоо алтаа идэж уугаад болно биз усаар яахав алтаа уугаад болно биз дусал ус ч бүү зүглүүл

0  |  0
Zochin(59.153.112.54) 2019 оны 12 сарын 07

Buu neelge. Buur dawarch bnaa. Gowiin ard tumnees asuusan uu ugui.

0  |  0
Нямаа(66.181.161.27) 2019 оны 12 сарын 07

Хойч үедээ үлдээх нь зөв

0  |  0
Ннн(182.160.39.65) 2019 оны 12 сарын 07

Говьд Хангалттай 10гаруй уурхай нуурс зэс темер ухаж байна байгаль дэлхийгээ одоо дараа уедээ хадгалж улдээе

0  |  0
БИД(202.9.46.28) 2019 оны 12 сарын 07

хялар Баясаа, жлаан Чинбаа нар эртний нэг түриүүвчтэй. Юу ч хийж мэдэх ..

0  |  0
Top