Манай сэтгүүлч Б.Гантуяа “Аюулгүй байдлын төлөө” медалиар шагнууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06


ZINDAA.MN сайтын Хууль, эрхзүйн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Б.Гантуяа Тагнуулын Ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” гуравдугаар зэргийн медалиар шагнагдлаа.

Мөн тус шагналаар SBN телевизийн мэдээний албаны дарга Д.Мягмартогтох, "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон нар тус тус шагнагдсан юм.

Сэтгүүлч Б.Гантуяа нь Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг 2009 онд төгссөн. 2011-2012 онд “Масс медиа” агентлагт нийгэм, эрүүл мэнд, энтертайнментын албаны сэтгүүлч, “Маке ап” сэтгүүлд орчуулагч, сэтгүүлчээр ажиллаж байгаад 2013 оноос хойш хууль эрх зүй, эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичих байгаа. 2013-2014 онд МОНЦАМЭ агентлагт Хууль, эрхзүйн албаны сэтгүүлч, 2015-2017 онд Мэдээ.мн сайтад Эрэн сурвалжлах албаны даргаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд, хууль, цагдаа шүүх, гааль, хилийн цэргийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл бэлтгэн, уншигчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх зэрэг мэргэжлийн үүргээ гүйцэтгэж ирсэн юм. 

Б.Гантуяагийн бэлтгэсэн сурвалжилга, ярилцлагууд олон хүнд тус дэм болж, нийгмийн анхаарлыг эрх нь зөрчигдсөн хувь хүн, байгууллагад хандуулж чадсан олон жишээ бий. Эдгээрээс онцолбол:

-Гэмт хэргийн золиос болж, амь насаа алдсан Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруул “АПУ” компанид 30 сая төгрөгийн өртэй болж үлдсэн. Улмаар дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн байрыг авахаар болсон үед гэрт нь очиж хоёр удаагийн цуврал сурвалжилга бэлтгэснээр Б.Саруулын 30 сая төгрөгийн өрийг тэглэж, байрны ордерыг буцаан олгуулсан.

-Шоронгоос гарч ирсэн найзынхаа хүчирхийлэлд өртөж, бүр мөсөн хөдөлмөрийн чадвараа алдсан Б.Мөнхжаргалтай ярилцлага хийж, улмаар  гурван хүүхэд бие давхар эхнэртэйгээ айлаар хэсэж яваа гэдгийг мэдээлж, Германы хөгжлийн сан ТББ-тай холбож өгснөөр орон гэртэй болгож, тэдний амьдралд гэрэл гэгээ нэмсэн. 

-29-р тусгай сургуулийн багш нар сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэдээллийг хамгийн анх сурвалжилж, тус сургуулийг тойрсон асуудлаар нийт таван цуврал нийтлэл гаргасан. Уг нийтлэлүүдийн мөрөөр олон мэдээлэл гарч, нийгмийн анхаарлыг сургуулийн асуудалд татаж байсан зэргийг дурдаж болох юм.

Top