Үндэстэн улсуудыг бидний оршихуй, сайн сайхан байдалд заналхийлж буй аюулд бэлэн байх, сөрөх чадвартай болгох зорилгоор хүн төрөлхтөн сүүлийн 30 жилийг үндэсний аюулгүй байдлыг дахин тодорхойлоход зарцуулсан. Үүнтэй зэрэгцэн үндэсний тусгаар тогтнол, хүн төрөлхтөнд аюул учруулах зүйлд илүү мөнгө, хүч нөөц дайчлах зорилгоор үндэсний аюулгүй байдлыг хүний аюулгүй байдалтай холбов. Гэвч эдгээр хүчин чармайлт бүтэлгүйтсэн тул өдгөө шинэ хандлагыг турших цаг нь болжээ. Үндэсний аюулгүй байдал гэсэн ойлголтыг өргөн утгаар авч үзэхийн оронд харин ч нарийвчлах шаардлага гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлыг дэлхийн аюулгүй байдлаас ялган салгаж, цэргийн аюулгүй байдлыг дутуугүй ач холбогдолтой тодорхой тэргүүлэх чиглэлүүдийн хамтаар авч үзнэ гэсэн үг.
Тодорхойлолтыг эргэж харвал
Үүний тулд өөрсдөөсөө дөрвөн асуултыг тавихаас эхлэх ёстой. Юу эсвэл хэнийг хамгаалах вэ? Ямар аюул заналхийллээс хамгаалах вэ? Хэн хамгаалах вэ? Хэрхэн хамгаалах вэ? Сонгодог утгаараа үндэсний аюулгүй байдал нь үндэстэн улсыг цэргийн түрэмгийллээс хамгаалах зорилготой. Тухайлбал, НҮБ-ын дүрэмд аливаа улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал эсвэл улс төрийн хараат бус байдлын эсрэг заналхийлэх эсвэл хүч хэрэглэхээс сэргийлэн, сөрөх тухай заасан байдаг. Үндэстэн улс өдгөө цахим халдлага, терроризм зэрэг уламжлалт бус заналхийлэлтэй нүүр тулаад байна. Эдгээр халдлагыг нэг улс нөгөө улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус байдалд заналхийлэх зорилгоор үйлддэг. Тиймээс эдгээр аюулыг цэргийн аюулгүй байдлын нэгэн хэсэг гэж авч үзэх боломжтой. Нөгөө талаар, уур амьсгалын өөрчлөлт далайн усны түвшинг нэмэгдүүлснээр арлын улс орнуудын орших үгүйд заналхийлэхийн сацуу цөлжилт, усны хомстол үүсгэснээр ган гачигт нэрвэгдсэн улс орнуудад ижил хэмжээний аюул учруулж байна.
Хил хязгаарыг давах нь
1945 оны дэлхийг бүхэлд нь үндэстэн улсууд гэж тодорхойлж байсан бол орчин цагт аюулгүй байдлын шинжээчид үндэстэн дамнасан аюул заналхийлэлд анхаарлаа хандуулах цаг нь иржээ. Терроризм, цар тахал, гэмт хэргийн олон улсын сүлжээ, худал мэдээлэл, хяналтгүй шилжилт хөдөлгөөн, хүнс, ус, эрчим хүчний хомстол нь улс төрийн хараат бус байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд шууд заналхийлдэггүйгээрээ цэргийн түрэмгийллээс ялгаатай. Гэвч эдгээр аюул нь хүн төрөлхтний аюулгүй, сайн сайхан байдалд ялгаагүй заналхийлдэг. Тиймээс үндэсний аюулгүй байдал дэлхийн аюулгүй байдалтай утга нэг болжээ. Тэгвэл үндэсний аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ? Үндэсний аюулгүй байдал нь үндэсний засгийн газар, ялангуяа, цэргийн аюулгүй байдлын асуудал хариуцсан хэсэн бүлэг хүний л эрхлэх асуудал байсан. Сүүлийн жилүүдэд эдгээр институц цахим аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцах болсон ч өнгөц төдий. Дэлхийн аюулгүй байдлын асуудлын хувьд эсрэгээр муж, аймаг хотын оршин суугчдынхаа аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлыг шууд хариуцдаг хотын захирагч, амбан захирагч нараас авахуулаад илүү өргөн хүрээний хүмүүсийг хамарч байна.
Залуу үеийнхний хувьд КОВИД-19 бол "Есдүгээр сарын 11". Гэхдээ есдүгээр сарын 11-ний халдлагын эсрэг илүү цэрэгжсэн хариу арга хэмжээ авсан бол энэ удаагийн хариу үйлдэл нь хүний сайн сайханд чиглэсэн, эрүүл мэнд, хөгжил дэвшил, боломжид суурилсан ШИНЭ СТРАТЕГИ байх болно!!!
Хэний үүрэг вэ?
2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш, жишээ нь, АНУ-ын хот, мужийн эрх баригчид цаашид ийм төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах асуудалд илүү идэвхтэй оролцох болжээ. Тэд дипломатууд эсвэл батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн нэгэн адил энэ асуудлыг ярих болсон. Өөрөөр хэлбэл дэлхий дахины аюулгүй байдлыг хариуцсан албан ёсны албан тушаалтан үгүй. Гүйцэтгэх удирдлага, иргэний байгууллага, буяны үйлстэн, эрдэмтэн зэрэг бүхий л салбар, мэргэжлийн төлөөлөл бидний аюулгүй байдлын төлөө нэгдэн, хүчин чармайлт гаргах боломжтой. КОВИД-19 хямрал хүчтэй манлайлал засгийн газраас илүү болохыг бодит байдал дээр харуулсан. АНУ, БНХАУ-ын засгийн газрууд цар тахлыг сөргөлдөөний нэгэн хэрэгсэл болгон ашиглаж байх үед судлаач, сан, компани, засгийн газрын агентлагуудын олон улсын сүлжээ КОВИД-19-ийн эсрэг вакцин, эмчилгээний арга гаргаж ирэх гэж хүчээ нэгтгэн, үндэс угсаа үл харгалзан чармайж байх жишээтэй. Дэлхий дахины аюулгүй байдлын төлөөх хамтын хүчин чармайлт дотоодын болон олон улсын асуудал, улс төр хоорондын хил хязгаарыг үгүй хийж байна. Эрүүл мэнд, байгаль орчин, цахим аюулгүй байдал, гэмт хэрэг зэрэг нь дотоод хэрэг, батлан хамгаалах, дипломат бодлого, хөгжил зэрэг нь бүхэлдээ улс, олон улсын байгууллага хоорондын тусдаа салбар байсаар ирсэн. Харин өдгөө энэ ялгаа ихээхэн бүдгэрч байна. Энэ шилжилт илүү өргөн салбар, хүрээний хүмүүсийг ширээний ард суулгаж, дэлхийн аюулгүй байдлын асуудлаар ярилцах боломжийг бий болгожээ. Сүүлийн жилүүдэд цэргийн уламжлалт салбар бага хэмжээгээр өөрчлөгдөж байгаа бол хотын удирдлага, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах салбарт илүү олон тооны эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд хүч түрэн орж ирж байна.
Дэлхийн аюулгүй байдлын шаардлага
Энэ оньсны сүүлчийн хэсэг нь дэлхийн аюулгүй байдлыг хэрхэн хангах явдал. Уламжлалт цэргийн аюулгүй байдлын зорилго эцсийн бүлэгт ялахад оршдог. Гэвч дэлхий дахинд заналхийлж буй ихэнх аюул ялалтаас илүү сөрөн зогсох, уян хатан байдлыг шаардаж байна. Зорилго нь гаднын дайсныг устгахаас илүү дотооддоо аюулгүй байдлыг бий болгоход оршиж байна. Мэдээж хэрэг бид бүгд ялахыг хүсдэг. Гэхдээ энэ ялалт нь вирусийг дарангуйлах, алан хядагчдын бүлэглэл, худал мэдээллийг сүлжээг устгах явдал юм. Дэлхий дахинд нүүрлэж буй аюул заналхийллийн эх үүсвэрийг бараг устгаж үл болно. Харин хүмүүсийг аюулыг таньж, зайлсхийх, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвараар зэвсэглэх нь урт хугацааны шилдэг стратеги болж байна. Вьетнамын дайнд амь үрэгдсэнээс хоёр дахин илүү тооны америк хүн КОВИД-19-ийн улмаас амиа алдав. Гэтэл АНУ болон ихэнх улсын эрх баригчид их гүрэн хоорондын тэмцэл, өрсөлдөөнд ач холбогдол өгч, цар тахлаас үүдэлтэй нас баралтын түвшин нэмэгдэж буйн бурууг бусад улс руу хуруу чичлэн тохсон хэвээр. Ямартаа ч энэ хямралаас авах сургамж ирээдүйд бид аюулгүй байдлаа хэрхэн ойлгож, хангахад ихээхэн ач холбогдолтой байх болно. Ялангуяа энэ нь залуу үеийнхний хувьд чухал. Залуу үеийнхний хувьд КОВИД-19 нь есдүгээр сарын 11 юм. Гэхдээ есдүгээр сарын 11-ний халдлагын эсрэг илүү цэрэгжсэн хариу арга хэмжээ авсан бол энэ удаагийн хариу үйлдэл нь хүний сайн сайханд чиглэсэн, хүний эрүүл мэнд, хөгжил дэвшил, боломжид суурилсан шинэ стратеги байх болно. Энэ нь илүү найдвартай, аюулгүй сонсогдож буй.
Сэтгэгдэл ( 0 )