Ковидын 2 жилийн дараах хүндрэл: 200 гаруй хам шинж

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хамгийн сүүлийн судалгаагаар, ковидоор өвчилж байсан 18-аас дээш насны таван хүн тутмын нэгд дор хаяж нэг хүндрэл илэрч байгааг тогтоожээ. Ковидын дараах хүндрэл зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд нөлөөлөх нь түгээмэл байгаагаас гадна бөөрний дутагдал, булчин, яс янгинаж өвдөх, мэдрэл, сэтгэцийн эмгэг үүсдэг байна. Ихэнх өвчтөнүүдэд удаан үргэлжлэх ковид буюу ковидын дараах хам шинж илэрч байгаа гэнэ. Энэ байдал нь багадаа хоёр сар үргэлжилж байна. Ийм хам шинжтэй нүүр туслан хүмүүсийн хувь нь 50 хүртэл байна гэж тайланд онцолжээ.

Удаан үргэлжлэх ковидын хам шинжүүд

Энэ байдлын нэгдсэн тодорхойлолт өнөөг хүртэл байхгүй тул хам шинж нь өөр өөр байдаг байна. 2022 оны зургаадугаар сарын байдлаар судлаачид нийт 200 орчим хам шинж илрүүлж, бүртгээд байна. Үүнээс хамгийн түгээмэл нь ядарч, сульдах /58%/, толгой өвдөх /44%/, анхаарал сарних /27%/, үс унах /25%/, амьсгал давчдах /21-24%/, амтлах, үнэрлэх чадвараа алдах /21-23%/, ханиах /19%/, булчин, яс янгинаж өвдөх /19%/, хөлрөх /17%/, цээжээр хөндүүрлэх /16%/, ой, санамж муудах /16%/, дотор муухайрах /16%/ зэрэг шинж тэмдэг.

Хэнд ковидын дараах хүндрэлүүд илүү ажиглагдаж байна вэ?

Удаан үргэлжлэх ковид нь ковидыг хэр хүнд туссанаас үл хамаардаг нь ажиглагджээ. Гэхдээ энэ хам шинж ковидыг хүндээр туссан, ялангуяа эрчимт эмчилгээ хийлгэхэд хүрсэн, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, таргалалт, артерийн даралт ихсэх, бамбай булчирхайн өвчинтэй хүмүүст илүү ажиглагдаж байна. Үүнээс гадна удаан үргэлжлэх ковид болох эрсдэл эмэгтэйчүүдэд 22 хувь өндөр байна. Мөн тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг хорт зуршилтай, эрүүл бус хооллолт, амьдралын идэвхгүй хэв маягтай хүмүүс үүнд өртдөг байна.

Хэр удаан үргэлжлэх вэ?

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, ковидын дараах хам шинж хоёр жил болон түүнээс удаан үргэлжлэх боломжтой. 2022 оны наймдугаар сард олон улсын судлаачдын багийн явуулсан судалгаагаар, ковид тусаж байсан хүмүүсийн 38 хувьд эдгээр хам шинж 22.6 сарын турш үргэлжилсээр байна. Вакцин хамгаалсан уу? Вакцин нь ковидын дараах хам шинжийн эрсдэлийг буруулдаг байна. 2022 оны тавдугаар сард хийсэн судалгаанаас үзвэл вакцин хийлгэсэн хүмүүст удаан үргэлжлэх ковидод өртөх эрсдэл 15 хувиар бага байна.

Эрүүл мэндээ бүрэн сэргээх боломжтой юу?

Ковидын дараах хам шинжийг эмчлэх нэгдсэн стандарт байхгүй. Учир нь энэ нь нэг төрлийн өвчин бус, харин цогц хам шинж юм. Ковидын дараах хам шинжтэй хүмүүст бариа засал зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга барил, биеийн тамир, амьсгалын дасгал хийх, эмийн эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top