Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ энэ жил зургаа дахь удаагаа өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах вэ, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж нэгдсэн дүгнэлтэд хүрэх юм.

“Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ бүс нутагтаа төдийгүй олон улсад танигдсан үйл ажиллагаа юм. Энэ уулзалтаар бүс нутгийн энхтайван байдлыг хамгаалах, энхтайван байдлыг бий болгох, цөмийн зэвсгээс ангид байлгахад гүйцэтгэх үүрэг их байгааг олон улсын төлөөлөгчид онцолж байна” гэж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ярьсан юм.

Гадаад харилцааны яам, Стратегийн судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн уулзалтад Европын Холбоо, НҮБ-ын системийн байгууллагууд, АНУ, Герман, Их Британи, Канад, Нидерланд, Норвеги, Франц, Швейцарь, зэрэг 14 улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн уулзалтад бүс нутгийн харилцааны анхаарлын төвд байгаа Хойд Солонгосын төлөөлөл оролцоогүй аж. Гадаад хэргийн яаманд ирүүлсэн албан мэдэгдэлдээ Монгол болон Хойд Солонгосын харилцаатай холбоогүй бөгөөд дотоодод үүссэн зарим нэгэн асуудлаас болж оролцохгүй болсон гэдгээ уламжилсан байна.

Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Зүүн Хойд Азид үүсээд байгаа бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд анхааран 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгос болон АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзсан уулзалтыг онцлоод цаашид энхтайван байдал тогтоохын тулд энэ мэт шийдвэртэй алхам хийх ёстой гэдгийг хөндөн ярилцжээ. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын зургаа дахь бага хурал энэ сарын 06-ныг дуустал буюу хоёр өдөр үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top