Садулаевийн барилдах эрхийг ДӨРВӨН сараар хаслаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаевийн барилдах эрхийг дөрвөн сараар хассан байна.

Алдарт бөхийг шийтгэсэн шалтгаан нь тэрбээр спортыг улс төрийн зорилгод ашигласан хэрэг байлаа.

Өнгөрсөн есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн Абдулрашид Садулаев шагнал гардуулах ёслолд Имам Шамилийн зурагтай цамцтай ирсэн төдийгүй дэлхийн аваргын ялалтаа Шамильд зориулж байгаагаа ярилцлагадаа хэлсэн. Үүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос улс төрийн асуудал гэж үзжээ.
 


Имам Шамиль бол Кавказын ард түмний үндэсний баатар. Тэрбээр Дагестан, Чеченийн ард түмнийг нэгтгэн, XIX зуунд Хойд Кавказын имамат улс байгуулан, Хаант Оросын эсрэг тэмцэж явсан хүн юм.

Садулаев энэ талаар олон нийтийн сүлжээнд “Ассалам алейкум, найзууд аа. Миний барилдах эрхийг хассан талаар маш олон хүн сэтгэгдэл бичиж, намайг дэмжжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд шагнал гардуулах ёслолд улс төр, шашны зүтгэлтнүүдийн зурагтай хувцастай оролцохыг хориглосон дүрэм байдаг юм байна. Энэ шийтгэлийг хүлээн авсан ч Имам Шамиль миний хувьд үлгэр дуурайл болсон агуу хүн хэвээр байх болно. Та бүхний дэмжлэгт талархлаа. Шийтгэл миний барилдах урам зориг, ялах сэтгэлд ямар ч нөлөө үзүүлээгүй. Хоёрдугаар сард уулзацгаая. Абдулрашид Садулаев” гэж бичсэн байлаа.
 


Түүний шийтгэлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 21-нд дуусах юм. ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Замболат Тедеев “Садулаевийн шийтгэл “Токио 2020” наадмын бэлтгэлд огт нөлөөлөөгүй. Яагаад гэвэл одоо том уралдаан тэмцээн бараг байхгүй. Бид Европын аваргын тэмцээнд бэлтгэж амжина” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард Чечений Ерөнхийлөгч  Рамзан Кадыров “Шамиль язгууртны хэргэм авахын тулд Чечений ард түмний тал хувийг устгасан. Хэрэв тэр дайн хийгээгүй бол бид өдийд олуулаа байх байлаа” гэж хэлээд Хабиб Нурмагомедов зэрэг олон алдартантай тангараг тасарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top