“Аймхай” Энтони, “Бүдүүн” Энди нарын “аймшигт” тулаан  

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Саудын Арабын Эд-Диръия хотын “Diriyah Arena” цэнгэлдэхэд энэ сарын 7-нд 2019 оны мэргэжлийн боксын хамгийн том тулаан явагдлаа. WBA, WBO, IBF, IBO холбоодын хүнд жингийн аварга Мексикийн Энди Руис (33-2, 22 КО) Их Британийн Энтони Жошуатай  (23-1, 21 КО) тулалдсан юм.

Дэлхийн өнцөг булан бүрийн сая сая үзэгчид жинхэнэ цус асгаруулсан дайн үзнэ гэж горьдож байсан ч хүсэл нь талаар болсон. Тулаан бүтэн 12 үе үргэлжилж, шүүгчдийн саналаар (118:110, 118:110, 119:109) Энтони ялсан ч энэ тулааныг “2019 оны хамгийн урам хугалсан тулаан” гэж нэрлэж болохоор байв.
 


Тийм ээ, Энтони WBA, WBO, IBF, IBO холбоодын аваргын бүсээ эргүүлэн авсан. Гэхдээ бокс сонирхогчдын хувьд тэр “аймхай аварга” болон үлдсэн. Арабын баячууд энэ тулаанд 100 сая ам.доллар гаргасан, одоо харамсаж байж ч магадгүй. Тэд энэ тоглолтод зориулан шинэ цэнгэлдэх хүрээлэн барьсан гээд бод л доо.

Тоглолтын өмнө Эндигийн толгойг тасална гэж амлаж байсан Энтони үнэндээ оноо түүн, гүйсээр цаг дуусгасан. Харин Энди бэлтгэл хийсэн юм болов уу гэж эргэлзэхээр таргалсан, арай ядан хөдөлж байлаа.
 


Ордны эхний эгнээнд Александр Усик, Дерек Чисора, Сауль Альварес нарын алдарт боксчид, холимог тулааны аварга Хабиб Нурмагомедов нарын хүндэт зочид ч уйдсандаа гар утсаа оролдож байсан гэхэд хилсдэхгүй.
 

Тулааны өмнө Энтони “Шүүгчдийн саналаар ялах зорилго байхгүй. Би хүнд цохилтоор унагаана. Дайраад довтлоод мод цавчиж байгаа мэт л цохино. Би бэлтгэл маш их хийсэн. Эхний үед л толгойг нь тасална. Гэхдээ яарахгүй” гэж хэлж байлаа. Үнэхээр тэр яараагүй. Эндиг ойртоод ирэхээр нь угтуулан цохичхоод, зайгаа барьсаар байв. Цаг өнгөрч, эхний үеүд дууссаар, харин Эндигийн толгой тасрахгүй байсаар л. Эхний зургаан үед Энтони хааяа гэнэтийн довтолгоо хийж байсан ч сүүлийн зургаан үед зүгээр л хамгаалсан. Түүнийг хамаагүй довтлохгүй гэдгийг бүгд мэдэж байсан ч харилцан цохилцохоос ингэтлээ зайлсхийнэ гэж хэн ч бодоогүй. Энтони үнэхээр хулчгар байсан.


Харин Энди Руис тамирчин хүний сахилга батгүй, жин нэмсэн нь илт харагдаж байв. Өнгөрсөн зуны тоглолтоос хойш тэр долоон кг нэмж, 128 кг болсон байлаа. Оны супер тулаанд оролцож байгаа, дөрвөн бүсээ хамгаалж байгаа аварга хүн гэхэд тэр гудамжны жирийн нэгэн тарган залуу мэт харагдаж байв. Энтонигийн цохилтоос илүү ринг дээр алхаж явахдаа л ядарч байгаа мэт. Сүүлийн үед тэр Жошуаг битгий гүйгээд бай, рингийн голд зодолдъё гэж уриалсан ч хөнгөн өрсөлдөгч нь тойрч гүйсээр байв. Бүдүүн залуутай тоглож байгаа хойно Энтони ч эрсдэл гаргахгүй, байх нь аргагүй. Цохиулахгүй гүйж байхад өрсөлдөгч нь өөрөө ядраад бахардаад унаад өгнө. Ийм л нэг хошин шогийн тулаан Саудын Арабд болж өнгөрлөө.
 


Тулааны дараа Энди “Би бэлтгэл бараг хийгээгүй, жин хэт нэмчихлээ. Өөрийгөө хамгаалах үг надад алга. Дараагийн тулаанд би сайн бэлтгэлтэй оролцоно” гэж хэлсэн.  Дээд хэмжээний тулаан ийм байж болохгүй. Энди Руис боксын түүхэнд ганцхан тулаанд тодорсон аварга болон үлдэнэ. Түүний алдрын үе хагас жил үргэлжлээд Саудын Арабт энэ үдэш өндөрлөлөө.
 

Харин Энтони Жошуа хүнд жингийн алдарт аварга Деонтей Уайлдер, Тайсон Фьюри нарын эгнээнд буцан орсон. Тэр Эндитэй хариу тоглолт хийх, эсвэл IBF холбооны цол горилогч Кубрат Пулевтэй тулалдах болно. Аль өөртөө таалагдсан, эрсдэлгүйг нь сонгох нь мэдээж. Эсвэл шагналын мөнгө ихтэй ямар нэг тулаанд орж болно. Учир нь одоо тэр дэлхийн аварга. Хүссэнээ хийх эрхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top