ОХУ-ын Владикавказ хотод чөлөөт бөхийн олон улсын "Аланы-2019" тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Нийт 10 жингийн есөд нь нутгийн бөхчүүд тэргүүлж, АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер 97 кг-д түрүүлсэн билээ. Тэмцээний хүндэт зочин Абдулрашид Садулаев энэ жингийн өрсөлдөөний талаар сэтгүүлчдэд ярьжээ.
-Байцаев нутагтаа илүү сайн барилдах ёстой байлаа. Байцаев ямар нэг тактик боловсруулсан нь мэдээж. Харин Снайдер байнга довтолсоор тактикаа хэрэгжүүлэх боломж олгосонгүй. Снайдерт цагийн зөрөө, дасан зохицох зэрэг асуудал огт алга. Дэлхийн аль ч өнцөгт барилдсан тэр огт ядрахгүй, танк шиг л дайрч байна.
-Та чинь танк биз дээ?
-Тэгвэл бульдозер шиг гэж хэлье (инээв).
-Та тэмцээний үеэр Снайдертай уулзаж байсан. Юу ярьсан бэ?
-Би түүнийг Дагестанд урьсан юм. Гэвч Америкийн багийн харих нислэг маш эрт байсан болохоор амжаагүй. Хажимурат Гацалов бид хоёр өдрийн хоолонд урьсан ч Кайл финалын барилдаанд бэлтгэх хэрэгтэй байна гээд татгалзсан. Гэхдээ тэр олимпын дараа гэр бүлээрээ Дагестанд ирэхээ амласан. Хэзээ ч ирсэн бид сайхан угтан авах болно.
-Та хоёр нэг жингийн өрсөлдөгчид. Харилцаа холбоотой байдаг уу?
-Инстаграмаар хааяа харилцдаг. Би англи, Кайл орос хэл мэдэхгүй болохоор орчуулагчаар дамжуулж харьцдаг. Гэхдээ цөөхөн дөө, жилд хэдхэн удаа.
-"Аланы-2019" тэмцээний талаар?
-Би Осетид гэртээ байгаа юм шиг л байдаг. Энд бөхийн спортод маш дуртай. Ордонд хөл тавих зайгүй байлаа. Дээд хэмжээний тэмцээн, шилдэг бөхчүүд, сонирхолтой сайхан барилдаанууд.
-Та хэзээ тэмцээнд оролцох вэ?
-Барилдах эрхээ хасуулсан байгааг минь бүгд мэдэж байгаа. Шийтгэлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 21-нд дуусна. Иван Ярыгиний Гран При, Европын аваргын тэмцээн, эсвэл ямар нэг өөр тэмцээнд барилдах байх. Дасгалжуулагч багш нар л шийднэ.
Сэтгэгдэл ( 1 )
Аль талаасаа Суурьтай харагдаж байна шүү.Монголчууд бүгд ийм бол