Олимпын өмнөх 2019 оны сүүлийн тэмцээн болох “Мастерс” энэ сарын 12-14-нд Хятадын Циндаод болно. Дэлхийн шилдэг чансаатай жүдочид энд олимпын чансааны онооны төлөө тэмцэлдэх юм.
“Мастерс” өнгөрсөн жил ч Хятадад болсон. 2018 онд аж үйлдвэрийн төв Гуанжоуд явагдаж байсан бол энэ удаад Шар тэнгисийн эрэг дээрх Циндаог сонгожээ. Энэ жилийн “Мастерс”-т урьд өмнөхөөс илүү олон тамирчин зодоглоно. Учир нь өмнө нь жин тус бүрийн шилдэг чансаатай 16 бөх оролцдог байсан бол энэ удаад 36 болон нэмэгдсэн. Чансаа өндөр бөхчүүдээс хэн нэг нь барилдахгүй бол оронд нь өөр тамирчин оролцохгүй. Зохион байгуулагч орон жин тус бүрд хоёр бөх сойх эрхтэй.
“Мастерс” тэмцээн анх 2010 онд БНСУ-ын Сувонд болж, дараа нь Азербайжан (Баку-2011), Казахстан (Алматы-2012), ОХУ (Тюмень-2013, Санкт-Петербург-2017), Марокко (Рабат-2015), Мексик (Гвадалахара-2016), Хятад (Гуанжоу-2018) орнуудад зочлоод байна.
“Мастерс”-т түрүүлсэн бөх чансааны 1800 оноо авах нь ДАШТ-ий аваргаас 200 оноо л дутуу байгаа юм. Мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой. Шагналын сан 300 мянган доллар тул хэтэвчээ ч зузаалаад авах сайхан боломж юм.
Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин 13-нд эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг, 14-нд эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг-ын жингийн барилдаантай. Жүдогийн эх орон Японы Жүдо бөхийн холбооноос “Мастерс”-т оролцох шигшээ багаа танилцууллаа. Тэд өнгөрсөн жилтэй адил бүтэн багаа гаргасангүй.
Эрэгтэй:
60 кг: Рюжү Нагаяма
73 кг: Соичи Хашимото, Масаши Эбинүма
81 кг: Сотаро Фүживара
90 кг: Кента Нагасава, Санширо Мүрао, Машюү Бейкер
100 кг: Аарон Вольф
+100кг: Хисаёши Харасава, Кокоро Кагэүра
Эмэгтэй:
52 кг: Аи Шишимэ
57 кг: Цүкаса Ёшида, Момо Тамаоки
63 кг: Микү Таширо, Нами Набэкүра, Масако Дои
70 кг: Чизүрү Араи, Ёоко Оно, Саки Ниизоэ
78 кг: Үмеки Мами
Сэтгэгдэл ( 0 )