Даам: Шилдэг баг тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 51-р дунд сургууль дээр зохиогдлоо. 19 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 13 баг өрсөлдсөн юм.

Тэмцээний үндсэн төрөлд швейцар системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг 11 оноогоор аваргалж, ДДХМ Г.Гэрэлболд ахлагчтай “Энэрэл-2” баг 10, СМ Д.Чойжилсүрэн ахлагчтай “Сонгодог байрлал-1” баг 9 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байранд тус бүр 9 оноо авсан СМ Г.Энхтуяа ахлагчтай “ББЖ мастер”, ДДХМ Д.Ганболд ахлагчтай “Энэрэл-1” багууд шалгарсан. “Ирээдүй”-гийн хувьд багийн улсын аварга цолыг хүртсэн найм дахь баг болсон байна.

Түргэн тоглолтын төрөлд мөн л “Ирээдүй”-гийн даамчид 12 оноогоор аваргалж, давхар цохилт хийсэн юм. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү-1” баг 10, хүрэл медалийг ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 10 оноогоор тус тус хүртсэн.

Уламжлал ёсоор ширээ бүрийн аваргуудыг тодруулсан бөгөөд хувийн дүнгээр 1-р ширээнд ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс), 2-р ширээнд СМ Д.Эрдэмбилэг (Ирээдүй), 3-р ширээнд СМ Л.Гансүх (ББЖ мастер), 4-р ширээнд ДДХМ Б.Нандинцэцэг, 5-р ширээнд ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү-1) нар түрүүлжээ.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн А.Ундраа хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ.

Үндсэн тэмцээний мэдээг эндээс, блиц тэмцээний мэдээг эндээс үзнэ үү. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top