Өнөөдөр Дэлхийн хөлбөмбөгийн өдөр. Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мэдээж хөлбөмбөг тоглоно. Мөн алдарт тамирчидтай уулзалт хийх, ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2026 он гэхэд дэлхийн хүн амын 60 хувийг хөлбөмбөг тоглодог, сонирхдог болгох уриа тавиад ажиллаж байна.
Хөлбөмбөг бол сая сая хүний хувьд жирийн нэг спорт биш амьдралын хэв маяг юм.
Хөлбөмбөг шашин шүтлэгийг даваад ирэхийн цагт юу болох бол? Марадона – Бурхан, харин Месси – Адам болон хувирна. Хөлбөмбөгийн танхим дахь супер зургийг толилуулъя.
Аргентинд хөлбөмбөгт дургүй хүн гэж үгүй. Буэнос-Айрес дэх хөлбөмбөгийн нэгэн сургуулийн зураг, чимэглэлийг хараад та энэ улсад хөлбөмбөг шашин шүтлэг болсныг бүрэн ойлгох болно.
Аргентины нийслэлийн Барракас дүүргийн “Спортиво Перейра” баг хүүхэд багачуудын мини хөлбөмбөгийн сургуультай. Тус сургууль нэгэн танхимынхаа таазыг шинээр ингэж янзалсан юм.
Уран зураач Сантьяго Барбеито таазыг сүм хийд мэт болгохдоо Микеланжелогийн алдарт “Адамыг бүтээсэн нь” зургийг ашигласан. Түүний бүтээлд Эцэг Бурхан нь Марадона, Адам нь Месси болж, Аргентины алдарт хөлбөмбөгч Хуан Рикельме, Габриэль Батистута, Марио Кемпес, Серхио Агуэро, Клаудио Канижа, Рикардо Бочини, Ариэль Ортега нар сахиусан тэнгэр болсон байна.
Багийн дасгалжуулагч Рикардо Эльсгуд “Бидний хувьд хөлбөмбөгийн талбай бол хөлбөмбөгийн ариун сүм гэсэн үг. Ариун сүм хийд шиг ийм сайхан бүтээлтэй болсондоо баяртай байна. Манай тааз хэт бараан байсан тул зураач урьж, цагаан үүлтэй цэнхэр тэнгэр зуруулахаар шийдээд байлаа. Гэтэл зураач бидэнд Месси, Марадонаг зурсан нь дээр гэж хэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа худлаа