Б.Ганхуяг: Өмнө нь 1072 ширхэг хувьцаа улс төрийн хэрэгсэл болчихсон байсан

2019 оны 12 сарын 11

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2019.12.10/ хэлэлцлээ. 2011 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болсон ч  компани 2016  он  хүртэл ашигтай ажиллаж чадаагүй. Өр дарахын тулд л үйл ажиллагаа явуулж байгаа дүр зурагтай байсан.

Харин 2016 оны гүйцэтгэлээр 33 тэрбум төгрөг шүргэсэн цэвэр ашигтай гарснаас хойш гурван жил дараалан компанийн үйл ажиллагаа сайн байгаа. 2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар гадаад, дотоод бүх өр төлбөрөө барагдуулж дуусгаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн 1072 хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилах асуудал яригдаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.7 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож буй.

Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улстөрийн угшилтай  дөрвөн шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Харин 2016 оноос хойш 1072 хувьцаатай холбоотой улстөрийн шийдвэр гараагүй.

Ер нь бол өнгөрсөн хугацаанд гарсан улс төрийн шийдвэрүүд  эдийн засгийн агуулгаар үр ашиг дагуулах ёстой хувьцааг улстөржүүлэн ашигласан шийдвэрүүд байсан гэхэд болно.

Тэгвэл  1072 хувьцаатай холбоотой асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлж байна.

Тэрбээр "Компанийн тухай хуулиар том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүйгээр бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үздэг. Бид олгогдсон эрхийн дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээнд ногдол ашиг олгох боломжтойг заавал тооцдог. Энэ тооцоог хийгээд, ТУЗ-өөс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт бусад хөтөлбөрүүдээ өнгөрсөн оны ашгаас санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Нийт хувьцааны 14.7 хувийг 2.51 сая иргэн эзэмшдэг. Өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаас хөрөнгө оруу­лал­таа хасахад, иргэдэд 55.4 тэрбум төгрөг хуваарилах санхүүгийн тооцоо гарсан. Нэг нэгж хувьцаанд 25 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 27 мянган төгрөг оногдохоор байсан. Засгийн газраас ч иргэдэд ногдож буй хэмжээнд  ногдол ашиг олгох чиглэл өгсөн. Судалгаа явуулсан. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэнээс 700 гаруй мянган иргэн бүртгэлд хамрагдаагүй байгаа. 

2018 оны 807 тэрбум төгрөгөөс нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг олгоно гэж манай ТУЗ шийдсэн байсан. Аж ахуйн нэгж учраас хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа болон бусад зардлаа хасаж тооцоход, ногдол ашиг хуваарилах боломжтой зардал нь 300 тэрбум төгрөг болсон. Төрд 244.5 тэрбум, иргэд, аж ахуйн нэгжид 55.4 тэрбум төгрөг ногдсон. Үлдэгдлийг нь компанийн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэр гаргасан. Дараа нь тодорхой төслийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шаардлага үүссэн учраас ТУЗ дахин хуралдаж өмнөх шийдвэрээ өөрчилсөн. Энэ шийдвэр гарсны дараа хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зохион байгуулж, танилцуулсан. Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Дөрөв нь хараат бус буюу иргэдийг төлөөлж ажилладаг гишүүн. Ерөнхий сайдаас иргэдийн 55.4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан ч эргээд тодорхой хугацааны дагуу нөхөн өгөх чиглэл өгсөн.

Иргэд болон төрд ирэх ёстой 2018 оны ногдол ашиг Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд зарцуулагдаж эхэлсэн. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсний тээврийн өртөг 32 ам.доллароос найм болж буурах юм. Энэ хэмжээгээр ашиг өснө. Тэгэхээр 2018 оны ногдол ашгаа нөхөөд явах боломжтой гэж харж байгаа. Хөрсний сийрэгжилтийн 56 тэрбум төгрөгийн асуудалд Үндэсний аудитын газраас гүйцэт­гэлийн аудит хийсэн. Аудитын батлагдаагүй, төслийн хэмжээнд явсан мэдээлэл алдагдаж, 56 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ бол мөнгөн дүн биш хөрсний сийрэгжилтийн асуудал. Уул уурхайд хөрсийг шууд хуулаад овоолго дээр тавьдаггүй. Зам талбай засах, далан барих гэх мэт технологийн ажилд зарцуулагддаг. Үүнийг аудиторуудад бүрэн бүрэлдэхүүнээрээ тайлбарласан. Эцсийн дүн ямар нэг байдлаар зөрүүгүй гарсан гэдгийг хэлье.

Өмнө нь 1072 ширхэг хувьцаа улс төрийн хэрэгсэл болчихсон байсан. Компани өнөөдрийг хүртэл улс төрийн болон эдийн засгийн хүндрэл бүтээгдэхүүний үнийн уналт гээд бүх л зовлон жаргалын ард гарсан. Компанийн ТУЗ-өөс 2018 оны ашгаас ногдол ашиг олгохгүй гэдэг шийдвэр гаргасан” гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.251) 2019 оны 12 сарын 11

Tegeed tz tavihgui

0  |  0
Zochin(64.119.21.164) 2019 оны 12 сарын 11

Huvitsaanii nogdol ashgaa aviya. Irgeded yurduu 14.5 huvi ni bgaa. Tur uurt onogfoh 85 huvia buteen baiguulaltdaa ashiglana bizee. Yariad bh uum bhgui nogdol ashgaa nuhuj avnaa huu

0  |  0
Дутуу мөнгөө авъя(66.181.161.119) 2019 оны 12 сарын 11

300 хувьцааны 300,000 авъя өгөөгүй шдээ

0  |  0
Top