Шинэ жилийн ганган ногоон гацуур модгүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс шинэ жилийн гол бэлгэдэл болсон гацуур мод, чимэглэл, гэрэлтүүлэг ямар ханштай байгааг сонирхохоор “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төвийг зорилоо.
Айл гэр болон албан байгууллагын хоймрыг гэрэлтүүлэн сүндэрлэх мөнх ногоон гацуурын үзэсгэлэн худалдаа аль хэдийн худалдааны төвүүдийн тасалгааг чимээд эхэлжээ.
“Дүнжингарав” худалдааны төвд дугардаг, дугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам гээд төрөл бүрийн гацуурууд 50 см-ээс хоёр метр 40 см хүртэл байна. Үнийн хувьд 60 мянгаас эхлээд 980 мянган төгрөгийн хооронд байлаа. Дан ганц мод авах, багцаар нь авах гээд үнэ бүр өөр. Жишээ нь, хоёр метр 10 см-тай гацуур багцаараа /гэрэл, тоглоом, хашаа, буга/ 350-850 мянга байхад, дангаараа 50-80 мянгаар хямд байх ажээ. Худалдагчтай тохиролцож чадвал гацуурын үнээ 5-15 мянган төгрөгөөр буулгаж болохоор байв. Худалдагчид эелдэг, үнийн хувьд уян хатан нөхцөлүүдийг санал болгож байлаа. Харин саа, туузны хувьд урт өргөнөөсөө хамаараад 1000-15000 төгрөгийн үнэтэй байна. 24 ширхэгтэй тоглоом 20-50 мянган төгрөг, 35 метртэй лед гэрэл 15 мянган төгрөг, хөшөгний гэрэл 20 мянган төгрөг байна. Сантатай аяга таваг 15 мянган төгрөг байна. Энд шинэ жилийн уур амьсгал оруулахуйц бүхий л зүйл худалдаалагдаж байлаа.
ГАЦУУР МОД “НАРАНТУУЛ” ХУДАЛДААНЫ ТӨВД ХАМГИЙН ХЯМД БАЙНА
Бид “Дүнжингарав” худалдааны төвөөс гаран “Нарантуул” худалдааны төвд очлоо. Гадаа -10 хэмийг зааж байв. Энд худалдаалагдаж байгаа гацуурууд дэлгүүрүүдийг бодвол харьцангуй хямд гэдгийг худалдагчид хэлж байв. Худалдан авахаас илүүтэйгээр үзэж, сонирхсон хүмүүс их байгаа харагдлаа. Энэ талаар гацуур мод худалдаалж буй н.Ганхуягаас асуухад “15-наас хойш иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Энэ үеэр зарим бараагаа нэмж худалдаанд гаргана” гэсэн юм.
Гацуур мод болон чимэглэлүүдийг БНХАУ-аас оруулж ирж байгаа ба үнийн хувьд “Дүнжингарав” худалдааны төвөөс 20-30 мянган төгрөгөөр хямд байлаа. Гэхдээ өмнөх жилээс гацуур модны үнэ өссөн гэв. Тодруулбал, 1-1.5 метртэй гацуур модны үнэ дунджаар 45-130 мянган төгрөгийн хооронд байна. Харин хоёр метрээс дээш өндөртэй гацуур мод өнгө үзэмжээсээ хамааран хамгийн хямд нь 180 мянган төгрөг бол хамгийн үнэтэй нь 450 мянган төгрөг байна. Гэхдээ “Бүх бараагаа гаргаж ирээгүй байгаа ирэх долоо хоногоос уур амьсгал орж гацуурын тоо ширхэг, төрөл зүйл нь нэмэгдэнэ” гэдгийг Нарантуулын худалдаа эрхлэгчид хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ утгагүй хэлбэрдэлтээ багасгахсан. Баярын маргааш хог болоод хаягдах юманд бид хэчнээн тѳгрѳг үрж байна? Хямрал айсуй байхад гэр бүлээрээ сайхан хоол хийж идээд ганц юм задлаал болоо биз дээ.