“Жижиг Үүеэ” Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн рингэнд хоёр дахь тулаанаа хийлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Ц.Энхтүвшин , “ТАВАН ЦАГАРИГ”

Өнгөрсөн аравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж, ялалт байгуулсан Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпын наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ маань өчигдөр буюу арванхоёдугааар сарын 15-нд мэргэжлийн бокс дахь хоёр дахь тулаанаа хийлээ.

Филиппиний Женерал Сантос хотноо Г.Ган-Эрдэнэ нутгийн боксчин, 26 настай Жерри Табаготой зургаан раунд тулалдаж, илт давуутай байсан ч шүүгчид хоёр боксчинд адилхан оноо өгч, тулааныг хайнцсан гэж үзжээ.

Энэ тулааны талаар Г.Ган-Эрдэнийн промоутер Энди Кимтэй холбогдож, тодруулахад: “Миний хувьд энэ тулааныг биеэр очиж үзэхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгаанаар Филиппинд очиж чадсангүй. Гэхдээ багийнхаа хүмүүсээс нарийн тодорхой мэдээлэл авсан, бичлэг үзсэн. Ган-Эрдэнэ илт илүү тулалдсан. Тулаан яг төлөвлөсөн цагтаа эхлээгүй, газар хөдлөлтийн улмаас тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож байгаад эхэлсэн. Яг тулааны үед Ган-Эрдэнийн дасгалжуулагч дэргэд нь байгаагүй, гарын боолт, зарим хэрэгсэл нь ч байгаагүй учир Ган-Эрдэнэ өмнө нь тоглосон боксчноос гар ороосон нойтон боолтыг нь гуйж хэрэглээд рингэнд гарсан. Үүнээсээ болоод хоёрдугаар раундад гартаа гэмтэл авсан. Ийм нөхцөл байдлуудаас болоод дутуу , эрт дуусгаж чадсангүй.

Энэ тулаан нэг ёсны сургамж боллоо, бүх нөхцөл байдлыг тооцох, бэлэн байхад. Гэхдээ Ган-Эрдэнэ шилдэг тулаанч гэдгээ харуулсан. Түүнд тун удахгүй WBC Asia champion болох боломж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top