Дэлхийн сэргээшний эсрэг агентлагаас ОХУ-ын тамирчдыг дөрвөн жилийн хугацаатай олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан билээ. Ирэх жил явагдах “Токио 2020” олимпын наадамд ОХУ-аас зөвхөн сэргээшний хэрэгт орооцолдож байгаагүй тамирчид ОУОХ-ны далбаан дор оролцох болно.
Харин ОХУ-ын боксчид Токиогийн олимпын наадамд оролцохгүй, эсэргүүцэл үзүүлэх гэнэ. Оросын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Боксчид олон улсын шүүхэд хандаж, улсынхаа далбаан дор тоглох эрхээ сэргээх хүсэлт гаргасан. Бид заавал ОХУ-ын ҮОХ-ны шийдвэрийг хүлээх шаардлагагүй. Боксын холбооны нэрээр шүүхэд хандаж болно. Бидний хувьд хамгийн чухал нь тамирчид улсынхаа нэрээр олимпод оролцох явдал. Туг далбаагүй бол олимпод оролцох ямар ч утга учир байхгүй” гэж мэдэгдэл хийсэн билээ.
ОХУ-ын олимпын аварга, Төрийн Думын депутат, улстөрч Арсен Фадзаев түүнийг шүүмжилж байна.
Арсен “Манай Боксын холбоо тамирчдаа Токиогийн олимпод оролцохгүй гэж мэдэгдлээ. Энэ шийдвэрийг тамирчид гаргав уу, өөр хэн нэгэн дарга гаргав уу? Би 35 жилийн өмнө хэн нэг улстөрчийн балгаар олимпын аварга болж чадаагүй. Дараа нь олимпод түрүүлж чадсан нь сайн хэрэг. Тэгвэл энэ оролцохгүй гэж байгаа боксчдод олимпод хэдэн удаа оролцох боломж байгаа бол? Тамирчдын хувь заяагаар ингэж тоглож болохгүй.Олимпын аваргууд насан туршаа 52 мянган рублийн тэтгэмж авдаг. Энэ бүгдийг ч тооцох ёстой” гэж хэлсэн байна.
Мэргэжлийн боксын WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга асан, төрийн Думын депутат Николай Валуев “Тамирчдын бодол санааг хүлээн авч, хүндэтгэх нь зүйн хэрэг. Төрийн далбааныхаа төлөө олимпын наадмаас татгалзана гэдэг том шийдвэр. Олимпод орохын тулд л тамирчид хөлсөө асгаруулан, бэлтгэл хийдэг. Магадгүй Токиогийн олимп тэдний хувьд орох боломжтой хамгийн сүүлийн олимп нь ч байж болно шүү дээ. Баг хамт олноор шийдэх биш боксчин бүр өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй. Олимпын наадамд оролцохгүй эсэргүүцэл илэрхийлэх нь зөв шийдвэр биш” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )