Арьс ширний цогцолбор 7500 ажлын байр бий болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа Дархан-Уул аймагт зочилж, аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймагт баригдах Арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Испанийн Вант улсын Астуриас муж дахь Дархан-Уул аймгийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мануэл Гонзалэз Гарсиаг томилсон тухайгаа аймгийн Засаг дарга танилцууллаа. Ингэснээр Дархан-Уул аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа нь Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа Дархан арьс ширний цогцолборт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг өөрийн улсын бизнес эрхлэгчдэд танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн энэ оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус арьс ширний аж үйлдвэрийн нэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх гурван том санамж бичигт гарын үсэг зурсан юм. Дархан-Уул аймагт арьс ширний цогцолборыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Хонгор сумын хоёрдугаар багт “Дархан арьс ширний цогцолбор”-ын 180 га газрыг олгож төслийн хүрээнд орон нутгийн өмчит компанийг байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын цахилгааны дэд станцын барилгын ажил, дулааны шугам хоолой татах ажил, 2020 онд ашиглалтад орох ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын газар шорооны ажлууд хийгдэж дуусжээ.

Манай Улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг. Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг. Тиймээс Дархан хотод тус цогцолборыг барьж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээрээ арьс ширний үйлдвэрийг түшиглэсэн олон жижиг үйлдвэрлэгчид төрөн гарч улмаар орон нутагт 7500 орчим байнгын ажлын байр бий болох давуу талтай. Ажлын байр нэмэгдэж хүн ам олноор суурьшсанаар дагалдаад барилга, орон сууц, үйлчилгээний салбарууд нэмэгдэн хөгжих боломж Дархан хотод улам бүр өсөх юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top