Б.Буджаргал: Дэлхийн рекорд эвдэхэд ойрхон байгаа, ДААНЧ...

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Энэ сарын эхээр Хятад улсын Шямин хотоос нэгэн баяртай мэдээ ирж, Монголын спорт сонирхогчдыг баярлууллаа. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг шалгадаг Олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнд монгол тамирчин Б.Буджаргал тэргүүлжээ. Энэ нь түүний хувьд ДАШТ-ий дөрөв дэх түрүү нь байлаа. Өмнөх гурван тэмцээн АНУ-д болж байсан бол энэ удаа анх удаагаа Ази тивд зохион байгуулагджээ.
 



Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн Дэлхийн аваргын тэмцээнд Б.Буджаргал 834 км гүйсэн амжилтаар түрүүлсэн нь мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 60 км зам илүү туулсан үнэмлэхүй ялалт байлаа.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалтай уулзан, ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө дэлхийн дэвжээнээс дөрөв дэх алтан медалиа хүртсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Би олон өдрийн гүйлтээр хичээллээд арав гаруй жил болж байна. Зургаан өдөрт 834 км гүйсэн маань миний хувийн дээд амжилт. Би 2019 оны нэгдүгээр сард Аризонад 787 км гүйж байсан амжилтаа 50 км-ээр шинэчлэн ахиулаад ирлээ. Их баяртай байна. Хоёрдугаар байрт орсон хятад тамирчин 777 км гүйсэн. Тэмцээний тав дахь өдөр би түүнээс 105 км тасарсан байсан. Зургаа дахь өдөр огт гүйхгүй байсан ч түрүүлэх нь ойлгомжтой болсон. Сүүлийн өдөр нь би нэг их хичээлгүй, тайван гүйгээд түрүүлсэн. Шахаад гүйсэн бол 900 км-ын амжилт үзүүлэх боломж байлаа.

-Тэмцээнд хэдэн тамирчин оролцов? Олон өдрийн гүйлт хэр олон оронд хөгжсөн спорт вэ?

-100 гаруй тамирчин оролцлоо. Олон өдөр гүйнэ гэдэг хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Зургаан хоног өдөр шөнөгүй гүйнэ гэдэг маш хэцүү. Хэр баргийн хүн хичээллэж чаддаггүй болохоор оролцдог тамирчин цөөхөн байдаг. Зарим улсад 2-3 тамирчин л байдаг. Олон өдөр гүйгээд байхаар үзэгч ч ховор. Үзэж байгаа хүн ч энэ олон цаг байхаар ядардаг. Гуч гаруй жилийн өмнөөс олон өдрийн гүйлт спорт болон хөгжсөн. Шри Чинмой гэдэг хүн анх санаачилж байсан. Миний хувьд энэ төрлөөр хичээллээд нийт есөн тэмцээнд оролцоод байна. Дөрвөн удаа аварга боллоо, нэг удаа хоёрдугаар байр эзэлж байсан.

-Бэлтгэлээ хаана хийв? Халуун цаг агаарт дасан зохицох асуудал гарсан байх?

-Өнгөрсөн сард Хятадад гурван тэмцээнд оролцсон маань нэг төрлийн бэлтгэл байлаа. Гэхдээ зөвхөн ДАШТ-д зориулаад системтэй бэлтгэл хийсэн бол улам өндөр амжилт гаргах, 1000 км ч гүйх боломж байсан гэж боддог. Бэлтгэл бараг хийгээгүй, хэдэн тэмцээнд ороод л ДАШТ-д зодоглосон гэж хэлэхэд болно. 42 км, 100 км-ын уралдаанд орохоор огт өөр зай болохоор бүрэн төгс бэлтгэл болж чадахгүй. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй байдаг. Харин олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь чадал байдаг.
 

-Нэг сард дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль авахаар гадаадын мэргэжилтэн, шинжээч нар их гайхсан байх даа?

-Элэгсэг сайхан хандаж байсан. Саяын тэмцээний хоёр дахь өдрөөс би түрүүлж эхэлсэн. Зохион байгуулагчид гурав дахь өдрөөс нь эхлээд цэнгэлдэх хүрээлэнд монгол дуу эгшиглүүлж эхэлсэн. “Улаанбаатарын үдэш”, “Чингис хаан”, “Тамирчны алдар”, HU хамтлагийн “Юу вэ, юу вэ” дуу, Төрийн дуулал тавиад л сайхан байлаа. Гүйж байгаа бүх тамирчид сонсож байгаа юм. Миний сэтгэл зүйг дэмжиж байгаа хэрэг. Гадаад орны тамирчид багтай болохоор нэг нэгнээ дэмжээд, унд усыг нь барьж тосоод, хажууд нь хамт гүйж, тусладаг. Надад тийм мэргэжлийн баг байхгүй. Олон өдрийн уралдаанд түрүүлэхийн бараг 50 хувь нь туслах багаас хамаардаг.

-Та яагаад энэ хүнд хэцүү спортын төрлөөр хичээллэх болов?

-Би дунд сургуульд сурдаг байх үеэсээ л гүйдэг, гүйх дуртай хүүхэд байсан. Сүүлд нэг хэсэг их жин нэмсэн юм. Тэгээд жингээ хасах зорилготой гүйж эхэлсэн. Монголд хамгийн хол зайн гүйлт нь 24 цагийн уралдаан байдаг. Би тэр уралдаанд орж, гурван удаа түрүүлсэн. 2013 онд 180 км гүйж, Монгол Улсын рекорд тогтоосон. Тэрнээс хойш урам ороод олон өдрийн гүйлтээр дагнаж эхэлсэн. 2014 онд АНУ-д анх олон улсын тэмцээнд орж байлаа. Энэ жил их олон тэмцээнд оролцлоо. Оны эхээр Аризонад 6 өдөр, дөрөвдүгээр сард Нью-Йоркт арван өдөр, наймдугаар сард Милоукид зургаан өдрийн тэмцээн, тэгээд сая зургаан өдрийн гүйлтийн ДАШТ гээд нийт дөрвөн тэмцээнд орлоо. Хажуугаар нь богино зайн гүйлтийн тэмцээнд бас орсон.  
 

-Ойрын үед ямар тэмцээн, уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Ирэх оны дөрөвдүгээр сард 10 хоногийн гүйлтийн тэмцээнд оролцоно. 10 өдрийн тэмцээнд би өмнө нь хоёр удаа түрүүлж байсан. Дээд амжилт нь Австралийн тамирчны тогтоосон 1551 км байдаг. Энэ амжилтыг эвдэх  бодолтой байна. Зургаадугаар сарын 17-нд Нью-Йоркт 5000 км-ын гүйлтийн тэмцээнд орох гэж байгаа. Энэ бол 50 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлт. Энэ тэмцээнд бас дэлхийн шинэ рекорд тогтоох зорилготой. Дэлхийн рекорд нь 5000 км зайг 40 хоног, 16 цагт туулсан амжилт байдаг. Гиннесийн рекорд амжилтыг эвдэхээр бэлтгэл сургуулиа базааж байна. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулах хүсэлтэй.

-Арваннэгдүгээр сард тэмцээнд оролцохоосоо өмнө олон нийтийн сүлжээгээр ивээн тэтгэгч хайсан пост оруулсан байсан. Олон өдрийн гүйлтийн спортын төрөлд ер нь төр засгаас дэмжлэг, тусламж байдаг уу?

-Үнэнийг хэлэхэд хувиараа л зардлын асуудлаа шийдээд, бор зүрхээрээ  явж байна. Найз нөхдөөсөө тусламж авна.  2014 оноос хойш уралдлаа, улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг авч байгаагүй. Мэдээж тусламж авахыг хүсдэг, хааяа гуйдаг. Гэхдээ надад дэмжлэг өгч байгаагүй. Гомдмоор үе бол бий. Одоо ингээд дэлхийн аварга болоход Б.Буджаргал гэдэг нэрээс гадна Монгол Улсын нэр гарч байгаа шүү дээ. Монгол хүн ямар мундаг юм бэ гэдэг болохоор Б.Буджаргал ганцаараа шагнуулж байгаа хэрэг биш. Эх орноо дэлхийд сурталчилж байгаа хэрэг. Монгол хүний тэсвэр хатуужлыг, таныг, энэ ярилцлагыг уншигч бүх хүмүүсийг сурталчилж байгаа юм.  

-Та өнгөрсөн наймдугаар сард “Гүйлтийн бурхан” гэгддэг Янос Куросын зургаан өдрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эвдэх гэж зориод чадаагүй. Ирэх жил дахин оролдлого хийх үү?

-Янос Курос бол зургаа, арван өдрийн гүйлтийн рекорд амжилтыг эзэмшдэг хүн. Ойрдоо зургаан өдрийн гүйлтийн тэмцээн байхгүй тул арван өдрийн уралдаанд түүний амжилтыг эвдэх гэж зорино. 1600 км гүйж, эвдэх зорилготой. Би өдөрт 140 км гүйдэг. Тэгэхээр өдөрт 155 км гүйгээд байхад шинэ амжилт тогтоож чадна. 15 км нэмэхэд л болчих гээд байгаа юм. Тооцоолоод бодоход Гиннесийн рекорд тун ойрхон ирсэн. Санаанд багтаж байгаа. Харин надад системтэй бэлтгэл хийх, мэргэжлийн эмч, илээч, туслахтай баг хэрэгтэй байна. Надад баг байхгүй, танил найз нөхдөө гуйгаад туслуулдаг. Нэг тэмцээнд явахдаа тэр үед зав зайтай байгаа найзаа дагуулаад явна. Байнга хамт байх, судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн багтай бол рекорд тогтоох дөхөөд л байна. Бүх зай, өдрийн гүйлтэд рекорд тогтооход би бэлэн байна.

-Монгол хүн дэлхийн том рекорд тогтоох гэж байна гэж холбогдох яам, газарт хандаж, хүсэлт гаргаад дэмжлэг авч болохгүй юу? Улсаас мэргэжлийн баг гаргаад өгөхгүй юу? Уг нь бага зэргийн л тусламж хэрэгтэй байна даа. Тусалж дэмжээд өгвөл олон өдрийн гүйлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлэхэд ойрхон байгаа юм байна.

-Монгол Улсынхаа нэрийг гаргаад, монгол хүний тэсвэрийг харуулж байхад тусалж болохоор. Баггүй болохоор их зовж байж, амжилтад хүрч байгаа юм. Би ганцаараа сайн гүйгээд байх биш монголчууд олуулаа амжилттай оролцвол сайхан. Эхний гурван байрыг бүгдийг нь монголчууд эзэлбэл сайхан гэж би боддог юм. Хүмүүс надаас зөвлөгөө, тусламж авахад би харамгүй зааж өгдөг. Чадах хэрээрээ тамирчдыг тэмцээнд дагуулж явдаг. Даанч санхүүгийн асуудал гэсэн том бэрхшээл тамирчдад тулгардаг. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургууль бүгд мөнгө. Бэлтгэл хийж чадахгүй болохоор хүмүүс больчихдог.

-Таны олон нийтийн сүлжээг харахад байнга л “Залуус аа, өнөөдөр Үндэсний хүрээлэнд гүйе”, “Зайсан хүртэл гүйе” гэж уриалж байгаа харагддаг. Хүмүүс их ирдэг үү?

-Цөөхөн ирдэг. Гүйлт бол хаан спорт бөгөөд эрүүл мэндэд их ашигтай. Хүн усанд ордогтойгоо адил гүйлтийг өдөр тутмын хэрэглээ болгож заншмаар байна. Эрүүл, зөв хэв маягаар амьдрахын үндэс бол дасгал хөдөлгөөн. Хүн өдөрт доод тал нь гучин минут идэвхтэй дасгал хийх хэрэгтэй. Гүйж болно, иог, фитнес хийж, усанд сэлж ч болно. Гэхдээ гүйлт бол элдэв төлбөр байхгүй, гараад л гүйчихэж болдог спорт. Гүйлт бол бас нэг төрлийн бясалгал юм. Гүйснээрээ хүн сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг. Хүн болгон амар амгалан амьдрахыг хүсдэг. Би үүнийг гүйж байхдаа мэдэрдэг.

-Зургаа, арав хоног гүйж байхад толгойд ямар бодол орж ирдэг бол?

-Янз бүрийн юм бодно. Сайн гүйх юм сан гэж бодно, ямар амжилт гаргахаа тооцоолно. Нутаг усаа бодно, аав, ээж бодогдоно. Монгол орон, найз нөхдөө бодно, Өнгөрсөн үе, ирээдүйд хийх ажил гэж бодно. Өрсөлдөгч тамирчнаа харж судална.  

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэн ерөөгөөд, ирэх оны тэмцээндээ дэлхийн рекорд амжилт тогтоогоорой гэж хүсье.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол мандана(66.181.161.117) 2019 оны 12 сарын 26

Монголчууд бид тал бүрдээ л зүтгэж байна даа. Амжилт гаргаж байгаа нэгнээ дэмжиж амжилтын шан татуулж, шан татсан тамирчдаараа төр засгаас системтэй дэмжлэгийг үзүүлж Монгол улсаа сурталчилж баймаар байгаан. Буджаргал шиг дэлхийд дөрөв түрүүлсэн тамирчинаа сайхан харагдуулж бардам байлгавал улс минь л хүчтэй харагдана. Гундуу байлгавал улс нь ядуу буурай өлөн харагдана шүү дээ. Улс орон Монгол хүнийхээ нэр хүндийг бодоод найзууд бид нар нь боломжоороо л хандив өгөх юмдаа. Би л лав 50к хандивласан.

0  |  0
Монгол мандана(66.181.161.117) 2019 оны 12 сарын 26

Монголчууд бид тал бүрдээ л зүтгэж байна даа. Амжилт гаргаж байгаа нэгнээ дэмжиж амжилтын шан татуулж, шан татсан тамирчдаараа төр засгаас системтэй дэмжлэгийг үзүүлж Монгол улсаа сурталчилж баймаар байгаан. Буджаргал шиг дэлхийд дөрөв түрүүлсэн тамирчинаа сайхан харагдуулж бардам байлгавал улс минь л хүчтэй харагдана. Гундуу байлгавал улс нь ядуу буурай өлөн харагдана шүү дээ. Улс орон Монгол хүнийхээ нэр хүндийг бодоод найзууд бид нар нь боломжоороо л хандив өгөх юмдаа. Би л лав 50к хандивласан.

0  |  0
Монгол мандана(66.181.161.117) 2019 оны 12 сарын 26

Монголчууд бид тал бүрдээ л зүтгэж байна даа. Амжилт гаргаж байгаа нэгнээ дэмжиж амжилтын шан татуулж, шан татсан тамирчдаараа төр засгаас системтэй дэмжлэгийг үзүүлж Монгол улсаа сурталчилж баймаар байгаан. Буджаргал шиг дэлхийд дөрөв түрүүлсэн тамирчинаа сайхан харагдуулж бардам байлгавал улс минь л хүчтэй харагдана. Гундуу байлгавал улс нь ядуу буурай өлөн харагдана шүү дээ. Улс орон Монгол хүнийхээ нэр хүндийг бодоод найзууд бид нар нь боломжоороо л хандив өгөх юмдаа. Би л лав 50к хандивласан.

0  |  0
зочин(192.82.68.111) 2019 оны 12 сарын 18

Сайд анхааралдаа авна уу.

0  |  0
Монголчууд(103.9.89.18) 2019 оны 12 сарын 18

Бусад тамирчидынхаа адил гавьяат цол олгож дэлхийн аврага болсон тамирчинд өгдөг мөнгөн шагналаа өгөх хэрэгтэй. Ялгаварлан гадуурхаж болохгүй

0  |  0
Dorj(24.19.4.149) 2019 оны 12 сарын 18

Mundag mundag!!

0  |  0
Top